Францын нээлттэй тэмцээний үеэр согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-31 15:02:51

ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 31 /BBC/. Францын нээлттэй тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн зүй зохисгүй үйлдлийг таслан зогсоохын тулд үзэгчдийн суудал дээр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож байна гэж тус тэмцээний захирал Амели Моресмо мэдэгджээ.


Бельгийн теннисчин Давид Гоффен, Францын тамирчин Жованни Мпетши Перрикар нар тоглох үеэр нэгэн үзэгч Гоффен рүү зажилсан бохио нулимсан явдал гарсны дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн 2023 оны Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн Ига Свёнтек оноо авах үед хашгиралдахгүй чимээгүй байхыг лхагва гарагт хөгжөөн дэмжигчдээсээ хүсжээ.


Юуны өмнө хүмүүс теннис үзэхдээ тоглолтын нэг хэсэг болж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлж байгаад бид баяртай байдаг. Гэхдээ цаашид үргэлжлэх ёсгүй үйлдлүүд ч бас байна. Өдийг хүртэл үзэгчдийн суудалд согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг байсан бол одоо энэ нь дуусгавар болж байна” гэж А.Моресмо ярилаа.


Үзэгчдийн суудалд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох боловч үүдний танхим болон талбайн эргэн тойронд хэрэглэхийг зөвшөөрсөн хэвээр байх юм. Түүнчлэн хамгаалалтын ажилтнууд “тоглогчид болон тоглолтыг хүндэтгэхийг өмнөхөөс илүү хатуу шаардах ажээ. 


関連ニュース