ХОВД: Авто замын 89 уулзварт 300 хяналтын камер суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-10 10:12:10

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газрын дэргэд Теле камерын хяналтын дэд төв ажиллаж байна.

Тус аймаг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр 
орон нутгийн төсвийн 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Ногоон бүс" камержуулалтын ажлыг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.


Эхний удаа аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт авто замын 89 уулзварт 300 хяналтын камер суурилуулжээ. Мөн хиймэл оюун ухааны 50 ширхэг лиценз, 30 ширхэг автомашины дугаар илрүүлэгчтэй камер суурилуулсан байна.

Цаашид аймгийн төвийн 196 орон сууцны гадна орчин, 12 багийн гэр хороолол, зуслангийн бүс, хөдөөгийн 16 сум, Булган хилийн боомт, олон улсын болон хөдөөгийн сумдыг холбосон 1200 гаруй км хатуу хучилттай авто замыг камержуулах ба 2024 оны гуравдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Ховд аймагт камержуулалтын ажил бүрэн хийснээр олон улсын жишигт нийцсэн камерын нэгдсэн хяналт бий болно. Хүүхэд хамгааллыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зарим хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх боломж өргөжинө гэж Ховд аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.


 

関連ニュース