БАЯНХОНГОР: Цусны салбар төв 500 гаруй донортой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-14 14:26:51
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Австрийн эмч, дархлаа судлаач, Нобелийн шагналт Карл Ландштейнерийн төрсөн өдөр 6 дугаар сарын 14-нийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос тэмдэглэж иржээ.

Баянхонгор аймгийн Цусны салбар төв нь 512 цусны донортой. Үүнээс байнгын идэвхтэй донор 75 байдаг. Цусны донороос цуглуулсан цусыг хавдраар өвчилсөн болон цусны өвчин, төрөхийн хүндрэл, мэс заслын хагалгааны дараах хүндрэл, хурц цус алдалтын үед цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байна. Цусны салбар төвд есөн төрлийн цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, жилд 106-110 литр цусыг эмчилгээнд хэрэглэж байна.
 
Донорын цусаар хангах цорын ганц арга зам бол тогтмол бөгөөд сайн дураараа цусаа хандивлах явдал юм гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Донорууд цусаа тогтмол хугацаанд өгснөөр хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшин багасч, хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэхээс сэргийлдэг бөгөөд өөрт ямар нэгэн зовуурьгүй бол сайн дураараа цусны донорын эгнээнд нэгдэж, нэг удаа цусаа өгч гурван хүнд амьдрал бэлэглэх боломжтой.

Цус өгөхдөө
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх
  • Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх
  • Хоногт 6 цагаас дээш хугацаагаар унтаж амрах
  • Согтууруулах ундааг сүүлийн 3 хоногийн дотор хэрэглээгүй байх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлага тавьдаг байна.

Мөн цусаа өгсний дараа
  • Гарын боолтыг 3-4 цагийн дараа авах
  • Удаан хугацаагаар зогсохгүй байх
  • 15 минутаас багагүй хугацаанд амарч, хөнгөн зууш идэх
  • 2 хоног шингэн зүйл их уух
  • Ууланд авирах, биеийн хүчний дасгал хийхгүй байх
  • Төмрөөр баялаг хоол, хүнс хэрэглэх
  • 2-4 цагийн дотор тамхи татахгүй байх ёстой.
関連ニュース