БАЯНХОНГОР: Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-27 12:38:15

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-29-ний өдрийг дуустал хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. 

 

Тус захирамж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. 


Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмыг баримталахыг захирамжаар үүрэгджээ. Сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад, хууль тогтоомжийг сурталчлан таниулах арга хэмжээг авч ажиллахыг сум, төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосон байна. 


Захирамжаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн аливаа үйлдэлд өртөхгүй байж, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг нийт иргэнд уриалжээ. Мөн согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, цагийн хуваарийг чанд мөрдөж, иргэдэд стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдахыг аж ахуйн нэгжийн захирлуудад үүрэг болголоо. 


Нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмыг мэрдүүлэн, хэрэгжилтийг хангаж  ажиллахыг сумын Засаг дарга нарт мөн үүрэгдэв. 

関連ニュース