ХОВД: Хүний гавлын ясаар хийсэн дамар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-30 10:56:04

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд шашин шүтлэгтэй холбоотой 560 гаруй үзмэр хадгалж байна. Үүнээс хамгийн өвөрмөц нь хүний гавлын ясаар хийсэн дамар юм.

Энэ дамрыг 19 дүгээр зууны дунд үед Түгээмэл амаржуулагч хийдийн лам нар бүтээжээ.

Дамар нь шашны зан үйлийн хөгжмийн зэмсэг бөгөөд ганц гараар тоглоход зориулсан жижиг бөмбөр юм.

Бөмбөрийг хоёр тийш хагас эргэлдүүлэх хөдөлгөөн хийхэд оосрын үзүүрт бэхэлсэн хоёр бөмбөлөг дамрын хоёр хацрыг дэлдэж бөмбөрдөнө.

Дамрын нэг тал нь арга (лингам) нөгөө тал нь билгэ (йони) хэмээн үздэг.

Хүний гавлын яс ашиглан хийсэн дамрыг гавжаас дээш цолтой лам хувраг хатуу зан үйлийн судар ном айлдах үед ашиглаж байжээ.

Энэ дамрын голд “даржин” хэмээх урт, гурвалжин хэлбэртэй даавуу холбоотой байна.

Даржин дээр есөн эрдэнийн чулуу, үндэсний хээ угалз урлажээ.

Ясан дамар тун цөөхөн бөгөөд 1970 оноос эхлэн Ховд аймгийн Музейд хадгалж байна.    

関連ニュース