Баян-Өлгий аймаг шинэ хөтөлбөртэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн ИТХ ээлжит бус хуралдаанаараа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлав.
2016-2020 онд хэрэгжүүлэх ажлынхаа энэ хөтөлбөрийг МАН-ын хөтөлбөр, иргэдийн санал, аймгийн тулгамдсан гол асуудлуудыг урьдчилан судалсны үндсэн дээр ИТХ-ын 39 төлөөлөгчөөр хэлэлцүүлэн батлаад, мөрдөн ажиллаж эхэллээ. Уг хөтөлбөрт эдийн засгийг тогтворжуулах, дотоодын бүтээгдэхүүн тэр тусмаа мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах жижиг дунд үйлдвэр байгуулан ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг 300 гаруй заалт багтжээ.
Өвс тэжээлийн нөөц, тариалангийн ургацыг арвижуулах, хүнсний аюулгүй байдлыг сахих, аюул, гамшгаас сэргийлэх бодитой арга хэмжээ авахыг тусгажээ. Өлгий хотын замуудыг боловсронгуй болгож, хуучирсан барилга байгууламжийг шинэчлэх, тэр дотор нэгдсэн эмнэлгийг шинэ байртай болгох заалт оруулсан байна. Дотуур байр, хүүхдийн цэцэрлэгүүдийн байрны багтаамжийг онцлон анхаарчээ. Хуралдаанаараа төсвийн тодотгол хийж, ноднингоос 600 орчим сая төгрөг нь дутуу санхүүжигдэж хүнд байдалд орсон байгууллагуудыг санхүүжүүлэх боломж бүрдүүлсэн байна.
Ш.Айзаря