“Монголын нэг өдөр”-өөс сэдэвлэсэн “2 day in Mongolia” үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр цугласан олон дунд шуугилдахаас илүүтэйгээр шивнэлдэх, чимээгүйхэн бодлогошрох хүмүүс цөөнгүй байлаа.
Бид нэг дэлхийн хүмүүс гэдэг ч өөрсдөөсөө бусдыг анзаардаггүй амьдралын завгүй хэв маяг дунд алжааж хоцорсоныг аргагүй мэдрүүлж, түмэн олны сэтгэл зүйг тийнхүү нэгтгэж буй ганц зүйл нь мэдээж уран бүтээл, бүр тодруулбал. “2 day in Mongolia” үзэсгэлэнгийн бүтээлүүд юм.
Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд хоёр улсын 15 уран бүтээлч тус үзэсгэлэнд бүтээлээ дэлгэжээ. “2 day in Mongolia” хэмээх нэр нь Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлээс сэдэвлэсэн бөгөөд уран бүтээлчдийн сэтгэлийн гүнээс ундарсан хүсэл тэмүүллийг харуулахаар зорьсон байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч Э.Энхзаяагийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр багаасаа зураг зурах дуртай байжээ. “Уран бүтээлч хүнд сэтгэлийнхээ хамгийн гүнд буй мэдрэмжийг илэрхийлэн гаргах боломж олддог тул мэргэжилдээ улам ихээр дурладаг” хэмээн ярьж байлаа.
Энэ удаагийн үзэсгэлэн нь Германд зохион байгуулсан “Орчин цагийн нүүдэлчдийн жим” болон Булган аймагт болсон “Нуур арт кемп”-ийн үр дүнгээс гарчээ. Өөрөөр хэлбэл, хоёр орны уран бүтээлчид бие биеийнхээ орны соёлтой танилцаж, туршлага солилцсоны дараа бүтээсэн бүтээлүүд гэсэн үг. Энэ нь тус үзэсгэлэнг тодорхойлох гол онцлог нь юм.
Үзэсгэлэнгийн танхимын гол төв хэсэг дэх зураг, түүнийг хүрээлсэн эд зүйлс үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж буй нь ажиглагдаж байв. Тун чиг өвөрмөц бүтээл аж. Үүнийг Германы уран бүтээлч Симоне Корнер зуржээ. Тэрбээр оёдолчноор ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд дүрслэх урлагийн төрлөөр бүтээж туурвих болсон гэнэ. Баруун Германы хөдөөгийн тосгонд төрж өссөн түүний хувьд Монголын хөдөө тал, нүүдэлчин ахуйд ирэх боломж олдсонд туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн юм. “Германы хөдөө бол ферм голдуу, бүх зүйл нь хүний гараар бүтсэн байдаг. Харин Монголын хөдөөд амьд байгальдаа дасан зохицож амьдардаг нь гайхалтай санагдсан. Монголчууд нүүдэллэхдээ зургийг хуйлж авч явдгаас бүтээлийн маань санаа ургаж гарсан. Урлагийг зөвхөн галерей, музейд бус хүн бүрд зориулдаг байгаасай гэж хүсдэг” хэмээн Корнер сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Зорин ирэх хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилсээр... Монголын уран бүтээлчид идэвхтэй хөдөлмөрлөж бүтээж туурвиж байгааг, түүнийг дагаад урлаг сонирхогч, шимтэн үзэгчид олширсныг эндээс тольдож болохоор байсан юм.
Үзэсгэлэнг нээх үеэр Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирал, доктор П.Байгалмаа, “Монгол, Герман улс 1974 онд анх дипломат харилцаа тогтоож байсан. Түүхт 50 жилийн ойн хүрээнд салбар салбарт маш олон үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг хэсэг нь энэхүү үзэсгэлэн юм. Манай музей 2 орныг дипломат харилцаа тогтоохоос ч өмнө Германтай харилцаа холбоотой байсан нь архивын бичиг баримтуудад тодоос тод үлдсэн байдаг. Тухайлбал, социалист системийн орнуудын дунд “Соёлоор харилцах хэлэлцээр" гэж зохион байгуулдаг байсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд 1971 оны тавдугаар сард Германд Монголын дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүдийн дээжээр үзэсгэлэн гаргаж байжээ" хэмээн онцолсон юм.
Үзэсгэлэнг энэ сарын 28-ныг хүртэл олны хүртээл болгоно.
Сурвалжилгыг бэлтгэсэн Д.Халиунаа