“Сэтгэлийн хат-Өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-16 09:20:43

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сан,  Нидерландын хаант улс хамтран “Сэтгэлийн хатөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын ард түмний хүртээл болгох гэж байна. 


Энэхүү онцгой гэрэл зургийн үзэсгэлэнд 2000-2021 онд Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн тэмцээнээс шагнал хүртэж байсан гэрэл зургууд багтсан бөгөөд дэлхий дахины эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд, олон нийтэд тулгарч буй сорилтууд, саад бэрхшээлийг хэрхэн даван туулж буйг харуулсан түүхүүдээс сонгон оруулсан болно. Тус үзэсгэлэн Улаанбаатар хотын Лхам” галерейд энэ сарын 22-нд нээлтээ хийх бөгөөд ирэх сарын 18-ныг хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.


Жендерийн тэгш байдал, шударга ёс бол хүний үндсэн эрх бөгөөд нийгмийн бүлгүүд хоорондын харилцан уялдааг бий болгоход чухал үүрэгтэй. Хэдий тийм ч дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүдэд тэгш бус хандах хандлага амь бөхтэй оршсоор, тэдний төлөөлөл улс төр болон эдийн засагт хангалтгүй хэвээр байсаар байна. 2021 оны байдлаар дэлхий дахинд эмэгтэйчүүд парламентын нийт 35500 суудлын дөнгөж 26.1 хувийг, 3400 сайдын 22.1 хувийг, бүх удирдах албан тушаалын 27 хувийг эзэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл дэлхий дахины эрүүл мэнд, аюулгүй байдлын ноцтой асуудал хэвээр байгаа бөгөөд гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын,  эсвэл бэлгийн халдлагад өртдөг гэсэн тооцоо бий.


Энэ үзэсгэлэнгээр дамжуулан Нидерланд улс эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, шударга ёсыг хангахын төлөө үүрэг хүлээсэн гэдгээ харуулж байгаа билээ. Энэ чиглэлээр 13 орны 17 гэрэл зурагчны буулгасан гэрэл зургууд хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, жендерт суурилсан хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрх, тэгш боломжоор хангагдах эрх зэрэг асуудлуудын талаар гүнзгий ойлголтыг олон янзын дуу хоолойгоор дамжуулан хүргэнэ. Бидний сонгосон эдгээр түүх  XXI зуунд эмэгтэйчүүд болон жендерийн асуудлууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг, гэрэл зургийн сэтгүүл зүйд эдгээр асуудлуудыг дэлгэн харуулах арга замууд хэрхэн хөгжсөнийг харуулах юм. Үзэсгэлэнтэй холбоотой мэдээллийг 

https://www.instagram.com/p/C-cWByZht7W/?igsh=MXdyajZqYTFsNmV2MA%3D%3D хаягаас авч болно. 


Анна Бойазисын Усанд олсон эрх чөлөө гэрэл зурагт Занзибарын Муюуни далайн эргээс зайтай, Энэтхэгийн далайн усанд сэлж, аврах ажиллагаа явуулж сурч буй Кижини бага сургуулийн сурагчдын түүхийг харуулна. Занзибарын Архипелаго арлын охидыг усанд сэлж сурахыг хүмүүс эртнээс дэмждэггүй байсан нь голчлон тэдний биеийг бүрэн халхлах усны хувцас байхгүй гэх шалтгаантай холбоотой байв. Хойд Занзибарт их тохиолддог усанд живж осолдох тохиолдлын тоог бууруулах зорилгоор Панже төслийн хүрээнд нутгийн охид эмэгтэйчүүдэд усанд сэлэх ур чадвар эзэмшүүлдэг.

 


Гэрэл зураг | Анна Бойазис | Пулитцер Төв


Форо Алаейн Эрх чөлөөний төлөө гэрэл зурагт Ираны хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд орох эрхээ хасуулсан эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг харуулжээ. Тэд хэрхэн эрэгтэй хүн болж цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч, мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгааг харуулсан байна.



Гэрэл зураг | Форо Алаей | Пулитцер Төв


Ирина Вернингийн Амлалт гэрэл зурагт Аргентины Буэнос-Айрес хотод амьдардаг 12 настай Антонелла охины талаар өгүүлжээ. Урт ургуулсан үсээрээ алдартай тэрээр КОВИД-19 цар тахлын улмаас зайнаас үйл ажиллагаа явуулах болсон сургуульдаа буцаж очиж хичээлээ хийх боломжтой болсон үедээ үсээ тайруулах амлалт өгсөн байна. Антонелла сургуулийн амьдралдаа буцаж очихын тулд өөрийн хамгийн үнэт эрдэнэ болсон үсээ оронд нь өгч байна гэж хэлж байсан юм. Тэрбээр 2021 оны есдүгээр сарын 25-ны өдөр буюу хичээлдээ буцаж очихын өмнөх амралтын өдөр үсээ тайрсан юм.

 


Гэрэл зураг | Ирина Вернин | Пулитцер Төв


Энэхүү үзэсгэлэнд Финбарр О’Рейлли, Майка Элан, Каталина Мартин-Чико, Пабло Тоско, Оливиа Харрис, Террел Гроггинс, Жонатан Бахман, Хеба Хамис, Даниель Берехулак, Робин Хаммонд, Диана Маркосиан, Йан Граруп, Магнус Веннман, Фулвио Бугани зэрэг бусад гэрэл зурагчны бүтээлийг мөн дэлгэх юм. 


Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сангийн тухай

Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сан нь гэрэл зургийн сурвалжлагч, баримтат гэрэл зурагчин болон дэлхий дахины үзэгчдийг найдвартай, үнэн бодит мэдээллээр дамжуулан холбодог глобал платформ юм. Нидерландын хэсэг гэрэл зурагчин 1955 онд өөрсдийн гэрэл зургаа олон улсын үзэгчдэд хүргэх үүднээс Дэлхийн хэвлэлийн гэрэл зураг гэх тэмцээнийг зохион байгуулснаар энэхүү байгууллага үүсгэн байгуулагджээ. Тэр цагаас хойш тэдний зорилго улам бүр өргөжин тэлсэн байна. Энэхүү тэмцээн нь дэлхий дахинд жил бүр зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болсон бөгөөд шилдэг гэрэл зургийн сэтгүүл зүй, баримтат гэрэл зургийг шагнах болсон юм.




Дэлхий дахинд гэрэл зургуудыг амжилттай дэлгэн үзүүлж, үзэсгэлэн гаргах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар тус байгууллага олон сая хүнд  хэрэгтэй, чухал түүхүүдийг танилцуулах болсон байна. Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сан нь Нидерландын Амстердам хотод төвтэй бүтээлч, хараат бус, ашгийн бус байгууллага ажээ. Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн глобал түнш Нидерландын шуудангийн кодын лоттерей (the Dutch Postcode Lottery) болон түнш Прайс уотерхаус куперс (PwC)-ын дэмжлэгт талархсанаа илэрхийлье.

 

関連ニュース