ДАРХАН-УУЛ: Цэцэрлэгийн хүүхдийн үзлэг, шинжилгээ өнөөдөр дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-27 00:33:14

Дархан, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн хүүхэд, багачуудын үзлэг, шинжилгээ өнгөрсөн бямба гарагт эхэлсэн. Аймгийн Эрүүл мэндийн газраас хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан уг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хяналт тавьж байна.


Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хийгдэж буй үзлэг, шинжилгээг хувийн хэвшлийн эмнэлгийн лабораториуд явуулын баг ажиллуулж зохион байгуулж байна.


Өнөөдөр дуусах уг үзлэг шинжилгээ хийж буй эмч, мэргэжилтнүүд, болон СӨББ-ын удирдлагуудад аймгийн ЭМГ-аас хяналт тавихаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.


Үзлэг, шинжилгээнд хамрагдаж буй эцэг, эх хүүхдэд бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс зарим цэцэрлэгт эмчийн үзлэгийн өрөөг томсгох, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чиглэл өгчээ.


Ташрамд энэ хичээлийн жилд хоёр настай хүүхдийн бүртгэл 21-ний өдөр зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшлийн 44 цэцэрлэгт 2029 хүүхэд шинээр элсэх ажээ.

 

関連ニュース