ДОРНОД: Чойбалсан хотын “Алдар гавьяаны өдөр” тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-09-04 17:59:54

Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 86 жилийн ойн баяр тохиов. Дорнод нутгийн зон олон түүхт ойн баяраа өрлөг жанжин Монгол Улсын хошой баатар Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр эхлүүллээ.


Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чойбалсан хотыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байв. Тэр үеэс эхлэн энэхүү “Алдар гавьяаны өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн юм.


Тэртээ 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг барьж байгуулснаар Чойбалсан хотын шав тавигджээ. 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан-Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хотыг анх байгуулсан байна.


Чойбалсан хот удаа дараагийн дайн самууны үеийг өнгөрүүлэхдээ 1939 онд дайсны онгоцонд бөмбөгдүүлж, Зөвлөлт Монголын их цэргийг хүлээн авч, дайлаар мордоход нь үдэж, ялалт байгуулаад буцахад нь угтан авч байсан дайчин түүхтэй.

関連ニュース