ХОВД: Аймгийн Засаг даргаар М.Амарсанааг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-25 18:47:29

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол ардын намын бүлэг төлөөлөгчийг нэр дэвшүүлээгүй.

Харин Ардчилсан намын бүлэг 22 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Морхын Амарсанааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн юм. 

Үүний дараагаар төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан ба нээлттэй санал хураав.

Ингээд төлөөлөгчийн олонхын саналд үндэслэн М.Амарсанааг аймгийн Засаг даргаар сонгож, нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.


М.Амарсанаа өдгөө Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна.

Тэр аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай. Цаашид орон нутгийнхаа үйлдвэр, үйлчилгээний салбар болон бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Түүх, соёл, гадаад харилцааны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, төсөв, хөрөнгө оруулалтыг ил тод нээлттэй болгоход онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.   

Анхдугаар хуралдаан 17:00 цагт өндөрлөв. 

関連ニュース