Монголын дуурийн гоцлоочид “Орфей-2024” уралдаанаас шагналын хур буулгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2024” олон улсын уралдаан долоо дахь удаагаа болж өндөрлөлөө.
Чеченьд болсон уг уралдааныг “Соёл”
үндэсний төслийн хүрээнд тус улсын Соёлын
яам, Аднан Шахбулатовын нэрэмжит Улсын филармони хамтран зохион байгуулжээ. Тус
уралдаанд энэ жил есөн орны
200 гаруй мэргэжлийн дуурийн дуучид нэгдүгээр шатанд оролцсон байна. Улмаар хоёрдугаар шатанд 81 дуучин
тунаж үлдсэн бөгөөд энэ шатанд
шалгарсан дуучид Чеченийн “Сувдан
сондор” хэмээн өргөмжлөгдсөн Филармонийн тайзнаа өрсөлдсөн юм.
ОХУ-ын хөгжмийн дээд боловсролын тэргүүлэх академи, мэргэжлийн их, дээд сургуулиуд болон ОХУ-ын Большой, Марийнский, Новая опера, Геликон-Опера зэрэг томоохон театр, бүс нутгийн эрдмийн театруудаас мэдүүлсэн тэргүүн гоцлоочдын дундаас сонгодог дуурийн 32-38 насны гоцлол төрөлд ДБЭТ-ын гоцлол дуучид болох Э.Отгонбат тэргүүн байр, Х.Мягмарсүрэн дэд байр, Л.Бүүвэйбаатар гутгаар байр эзэлжээ.
Харин 22-31 насны ангилалд ОХУ-ын Гнесиныхны хөгжмийн академийн магистрантурын III дамжаанд суралцаж буй Б.Доржнамжин гутгаар байрт шалгарсан байна. Мөн ЦДБЭЧ-ын дуучин Д.Совд, СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Н.Элбэгзаяа нарт тэргүүн зэргийн дипломантын өргөмжлөл гарджээ.