ХОВД: Тусгай хамгаалалттай газарт 1300 гаруй малчин өрх отроор өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-09 15:22:00

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 3.5 сая толгой малтай.   

Ховд аймгийн Дөргөн сумаас таван өрхийн 3.1 мянган толгой мал Хэнтий, Хөвсгөл, Төв, Булган аймгийн нутагт отроор өвөлжиж байна.

Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 321 өрхийн 115.8 мянган толгой мал отроор яваа.

Мөн Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Дарви сумын 11 өрхийн 11.5 мянган толгой мал, хилийн зурвас бүс нутагт 130 өрхийн 122.6 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1394 өрхийн 807.9  мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарсан юм.

Ховд аймгийн нутагт зэргэлдээ аймаг, сумаас мөн малчин өрх отроор иржээ.


Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Булган сумаас Мөнххайрхан суманд хоёр өрхийн 6.7 мянган толгой мал, Дуут суманд 8 мянган толгой мал тавиулаар байгаа. Харин Мянгад суманд Увс аймгийн Өлгий, Завхан, Наранбулаг, Өмнөговь сумаас зургаан өрхийн 5.0 мянга гаруй мал, Дөргөн суманд Увс аймгийн Завхан, Өлгий, Наранбулаг сумаас 11 өрхийн 6.4 мянга орчим толгой мал өвөлжихөөр иржээ.

Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90  гаруй хувьд цастай, зарим сумын малчид цагаанаар зудархуу нөхцөлд байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 9-10-нд шилжих шөнө зарим газраар цас орж, алтайн салбар уулсаар зөөлөн цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх магадлалтай тул иргэд, жолооч нар хол ойр зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.   

関連ニュース