Монголд хэрэгждэг стандартын 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрсэн ч хэрэгжилт хангалтгүй гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-21 17:09:55

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин хэлэлцүүлэг гурван өдөр үргэлжилж,  өндөрлөлөө.


Өнөөдрийн нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэг стандарт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгаж, 33 салбарын үйл ажиллагаанд стандартыг шинээр нэвтрүүлэн Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулахаар зорьж байна. Манай улсын хувьд өндөр стандарт мөрдөх нь зөвхөн хуульд нийцүүлэх үйлдэл бус харин чанартай амьдралын хэв маягийг бий болгох, бизнесийн орчинд итгэлцэл нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ил тод байдал, үр ашигтай үйл ажиллагааг дэмжихтэй шууд холбоотой. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар үндэсний стандартын 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрсэн ч хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, Барилгад 655, хүнсэнд 645, эрүүл мэндэд 744 стандарт мөрдөж байгаа ч дийлэнхийг нь шинэчлэх шаардлагатай болсон. Тиймээс “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийг шинэчлэн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна” гэв.


Хуулийн шинэчилсэн найруулгаар эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хяналт, үнэлгээний системийг сайжруулах замаар хэрэгжилтийн үр дүнг хэмжиж, аюулгүй байдал, чанар, итгэлцлийг дээшлүүлэхэд чиглүүлэх, Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэх, үндэсний лабораториудын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх боломжтой болох юм.


Түүнчлэн стандартыг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого” “Шинэ хоршоо хөдөлгөөн”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод” зэрэг хөдөлгөөнтэй уялдуулан хэрэгжүүлэхээр болжээ.







関連ニュース