АРХАНГАЙ: Г.Ганбаатарын гэр бүл улсын хошой аварга малчин боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймгаас улсын хошой аварга малчин нэг, аварга малчин зургаа, аварга саальчин, аварга тариаланч хамт олон тус тус нэг шалгарлаа.
Аварга малчдын шагналыг энэ сарын 22-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд гардууллаа.
Өнөөдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын малчин Гочоогийн Ганбаатарын гэр бүл Улсын хошой аварга малчнаар тодорч шагнал, үнэмлэх, цол тэмдгээ хүлээн авсан юм.
Г.Ганбаатар нь малын үржил селекцийн ажилд голлон анхаарч, хонио Хотонт үржлийн хэсгийн хониор сүрэг сэлбэн үржүүлж байна. Үүний үр дүнд нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хонины ноосны гарц 1.3-1.8 кг болжээ. Тэрээр малын бэлчээрийг зөв зохистой хуваарьтай ашиглаж, хавар, зун, намрын улиралд ногоо ургах үеэс эхлэн аль болох алс зайдуу отор нүүдэл хийж, ашиглагдаагүй нөөц нутгуудыг ашиглах боломжийг бүрдүүлж, малыг отроор тарга хүч авахуулдаг байна. Авсан тарга хүчийг тогтоохын тулд намрын сойлгыг сайн хийж, нам дор голын ойр газрыг сонгон өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг зохих үе шатуудад эртнээс бэлтгэн, өтөг бууцыг нөөцлөн хашиж, малын хэвтэр, түлш өвөлжилтийн дулаалгад хэрэглэж ирсэн нь өнөө үеийн малчдад үлгэр дуурайлал үзүүлдэг байна.
Мөн малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр жил бүр “Шилмэл малын үзэсгэлэн
худалдаа”-нд богийн хээлтүүлэгчийн төрлөөр тасралтгүй 10 жил оролцож, жил бүр байр эзэлсэн амжилтууд гаргажээ.