АРХАНГАЙ: Хүн амын дундаж наслалт 73.3 байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн хүн амын дундаж наслалт 73.3 болж, өмнөх оныхоос 0.4 жилээр уртасжээ. Аймгийн дундаж наслалт сүүлийн таван жилд улсын дундаж наслалтаас дээгүүр байна.
Өөрөөр хэлбэл, 2020 онд улсын дундаж наслалт 70.4 байхад Архангай аймгийн хүн амын дундаж наслалт 71.8 байв. 2021 онд 72.1, 2022 он 72.9, 2023 онд 73.3 болж улсын дунджаас дээгүүрт орж байгаа юм.
Аймгийн хүн амын нас, хүйсийн бүтцийг харвал 44 хүртэлх насанд эрэгтэйчүүд олон.
45-аас дээш наснаас эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү урт насалж байгааг доорх графикаас харж болно.
Сүүлийн таван жилийн нас баралтын байдлыг авч үзэхэд, нийт нас барсан хүний дунд эрчүүдийн нас баралт 2019 онд 61.2 хувь, 2020 онд хувь 62.5, 2021 онд 63.2 хувь, 2022 онд 66.7 хувь 2023 онд 64.3 хувийг эзлэж байгаа нь эрчүүдийн нас баралт өндөр байгааг харуулж байна. Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны эмгэг, осол гэмтэл, хавдар, амиа хорлолт, хоол боловсруулах эрхтний болон амьсгалын эрхтний эмгэгүүд зонхилж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ч эрэгтэйчүүдийн өвчлөлийн бүтцийг нарийн тодорхойлж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгана гэж зааж өгчээ.