Ховд аймгийн залуусыг АНУ-д боловсрол эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-26 16:55:45

АНУ-ын Элчин Сайдын Яамны дэд тэргүүн Мануэль Микаллер /Manuel Micaller/  тус яамны Батлан хамгаалах хэлтсийн ажилтан Деван Шэнном /Devan Shannom/, Эдийн засаг худалдааны хэлтсийн байгаль орчин, шинжлэх ухаан, эрүүл мэнд хариуцсан ажилтан Оним Вү /Oneim Wu/, Эдийн засаг, худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг, Олон нийттэй харилцах ажилтан Ж.Саруул нар албаны хүмүүсийн хамт Ховд аймагт ажиллаж байна.

АНУ-ын ЭСЯ Ховд аймгийн Нийтийн номын санд 2007 онд мэдээллийн төв байгуулж, боловсролын салбарт хамтран ажиллаж, хоёр улсын  харилцаа хамтын ажиллагааны талаар мэдээллийг олон нийтэд хүргэж ирсэн юм.

Өнөөдөр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг даргын орлогч Ш.Батсүх тэргүүтэй албаны хүмүүс тус улсын Элчин сайдын яамны хүмүүсийг хүндэтгэлийн өргөөнд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Ховд аймгийн ажил байдлыг танилцуулж, боловсрол эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар  Элчин Сайдын Яамны дэд тэргүүнд танилцууллаа.

Ховд аймагт өнөөдөр төр хувийн хэвшлийн 39 цэцэрлэгт 6000 гаруй хүүхэд хамрагдаж байгаа ч 600 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа учир 150 хүүхдийн цэцэрлэг хэрэгцээтэй байна.

Түүнчлэн Ховд аймгийн Бүсийн Оншилгоо,Эмчилгээний төв анхаарал татаж, Хүүхдийн эмчилгээний тасаг нэг дахин илүү ачаалалтай ажиллаж эмнэлгийг өргөтгөх ,шинэ эмнэлэг барих хэрэгцээ байгааг танилцууллаа.

АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүний хувьд хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж, байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Ховд аймагтай олон салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийлээ.

Нэн түрүүнд боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт түлхүү хамтран ажиллахаа уулзалтын үеэр онцоллоо. Ирэх жил АНУ, Монгол улс хоёрын хамтын ажиллагааны 30 жилийн ой болно. Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ховд аймгийн залуусыг АНУ-д боловсрол эзэмшүүлэх асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавьлаа. Мөн АНУ-ын аль нэг хоттой Ховд аймаг найрамдалт харилцаа тогтоож гадаад харилцаагаа тэлэх бодолтой байгаагаа илэрхийллээ.

АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн дээрх саналд боломжтой гээд бүх тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Ийнхүү хөдөө орон нутагт ажиллах анхны ажлын айлчлалаа манай аймгаас эхлүүлж байгаа АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллэрт хүндэтгэл үзүүлж, Ховд аймгийн хүндэт тэмдэгээр энгэрийг нь мялаалаа.

Мөн ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллэр уламжлал ёсоор Ховд аймгийн хүндэт дэвтэрт гарын үзэг зурж, сэтгэгдэл үлдээсэн юм.

А.Бямбасүрэн

関連ニュース