Дэлхийн ойн өдөр: Ой ба хүнсний аюулгүй байдал
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн хуурай газрын гуравны нэг орчмыг эзэлж буй манай гаргийн уушги гэгддэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дэлхийн ойн өдөр /World Forestry Day/ болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.
Эл өдрийг бий болгох санаачилгыг
анх 1971 онд Европын Хөдөө аж ахуйн холбооноос гаргаж, Дэлхийн Хүнс, хөдөө аж
ахуйн байгууллага дэмжжээ.
Энэ жилийн хувьд уг өдрийг “Ой ба
Хүнс” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд хүнсний аюулгүй байдлыг хангах, дэлхийн
хүн амыг хоол тэжээл болон амьдран оршиход шаардлагатай зүйлсээр хангахад ой
модны гүйцэтгэж буй үүргийг таниулах зорилготой.
Дэлхийн ойн сан хөмрөг бол 38 сая хав.дөр.км талбайг эзлэн орших бүхэл бүтэн бие даасан ертөнц бөгөөд хуурай газрын амьтад, шавж хорхой, ургамлын 80 хувийг шим тэжээлээрээ тэтгэж, нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, түлээ түлш, малын өвс тэжээлийн нөөц болж байдаг. Ой мод нь нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулснаар экологийн амин чухал үүргийг гүйцэтгэдгийг хүн бүхэн мэднэ.
Дэлхий даяар 5 тэрбум гаруй хүн хоол хүнс, эм тан болон амьдран оршиход шаардлагатай бусад зүйлсийг ой модноос авдаг байна. Самар, жимс, төрөл бүрийн ургамлын үндэс, үр, навч, мөөг, зөгийн бал, зэрлэг амьтдын мах нь хүний биед нэн шаардлагатай тэжээлийн бодисуудыг өгч, хүнс хоолны нэр төрлийг баяжуулж байдаг.
Мөн хүнс хоолоо бэлтгэхийн тулд 2
тэрбум хүн ой модыг түлш болгон хэрэглэдэг ажээ.
Түүнчлэн ой мод нь тоос хүртээгч
шавж амьтдын хувьд амьдрах орчин нь
болсноор хөрсийг эрүүлжүүлж, ус чийгийг тогтоон барьж, мал сүргийг тэжээлээр
хангах ба агаарын хэмийг зохицуулдаг тул таримал ургамлуудыг
салхи шуурга, хэт халуунаас хамгаалж, хур тунадас орох давтамжийг
нэмэгдүүлснээр хөдөө аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлдэг. Зарим улс орон, бүс нутгийн иргэд орлогынхоо
20 хувийг ой модны үр шимээр бүрдүүлдэг байна.
Мөн дэлхийн томоохон хотуудын
цэвэр усны хэрэгцээний 85 гаруй хувийг ой дахь усны сав газруудаас хангадаг
бөгөөд ойн ашиглалтыг сайжруулснаар томоохон хотуудын 1,7 тэрбум гаруй оршин
суугчдын хэрэглэж буй усны чанарыг сайжруулах боломжтой.
Байгалийн гамшгийн улмаас ургац
алдах, дайн мөргөлдөөн дэгдэх зэрэг хямралт нөхцөл байдал үүссэн үед ой мод нь
орлогынхоо эх үүсвэрийг төрөлжүүлж, хүнсний аюулгүй байдлаа хангах боломжийг
хүмүүст олгодог.
Ойн зэрлэг амьтдын мах бол
уургийн ба тэжээлийн бичил элементүүдийн нэн чухал эх үүсвэр /ялангуяа халуун
орны бүс нутгуудын уугуул оршин суугчдын хувьд/ болдог бөгөөд хүн төрөлхтөн
3200 гаруй төрөл зүйлийн зэрлэг амьтдын махыг хүнсэндээ хэрэглэдэг байна.
Ийм учраас ойн нөөцийг хамгаалах нь хүн төрөлхтний амин чухал зорилтуудын нэг мөн. Учир нь, дэлхий даяар жил бүр 13 сая гаруй га талбайн ой модыг огтлон устгаж байгаагаас гадна 70 сая га талбайн ой мод түймэрт өртөж байгаа нь байгалийн жамаар нөхөн сэргэж буй хэмжээнээс олон дахин их байна. Харьцуулахад, дэлхийн экосистемийн чухал хэсэг болсон Монгол орны ойн сан 18.5 сая га талбайг эзэлдэг. Дэлхийн ойн санг хамгаалахын тулд нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа бөгөөд манай гараг дэлхий, ирээдүй хойч үеийнхний сайн сайхан аж байдал үүнээс шууд хамаарах болно.
1990 оноос хойш ой бүхий талбайн хэмжээ 420 сая га-гаар багассан гэх тоо бий, гэхдээ сүүлийн жилүүдэд ойг огтлон устгах нь багассан төдийгүй ойн сан 123 сая га-гаар нэмэгдсэн гэх сайн мэдээг дуулгая. Ялангуяа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөн эрчээ авч, улс орнууд ойн сан хөмрөгөө сэргээхэд ихээхэн анхаарч байна.
Дорх мэдээллийн график зурагт 2001-2021 оны хугацаанд улс орнуудад хийсэн ойжуулах ажлын үр дүнг хав.дөр.км талбайгаар харьцуулан харуулжээ. Хятад улс 425 мянган хав.дөр.км буюу Шведийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний талбайг ойжуулснаар жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд энэ нь бусад 19 улсад ойжуулалт хийгдсэн талбайг нийлүүлснээс их байгаа юм. Олон километр үргэлжлэх “ногоон хэрмийг” босгосноор элсний нүүдлийг зогсоож чадсан гэдгээ Хятад улсын удирдлага өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэн байна.
ФАО ойн өдрөөр
Энэ жилийн хувьд Дэлхийн ойн өдөр
“Ой ба хүнс” гэдэг уриан дор явагдаж байгаа тул НҮБ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж
ахуйн байгууллагаас /ФАО/ шууд болон цахим хэлбэрээр хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс
оролцож буй илтгэгчид хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдралд шаардлагатай
бусад зүйлсээр хангахад ой модны гүйцэтгэх үүрэг, онгон байгалиас авч буй
хүнсний бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ, ач холбогдлыг тодорхой практик жишээнүүд
дээр тайлбарлан ярина.
Түүнээс гадна, ФАО байгуулагдсаны
80 жилийн ойг тохиолдуулан “Тогтвортой, хүртээмжтэй, гадны нөлөөнд автдаггүй
хүнсний ирээдүйн” үндсэн суурийг тавихад чиглэсэн санаачилгууд, тэргүүний
практик аргуудыг танилцуулна.
Мөн Ром хотын захиргааны
дэмжлэгтэйгээр байгуулсан ФАО-гийн “Модод ба цэцэгсийн дэлхийн цуглуулга” гэдэг
цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд тус байгууллагын Ерөнхий захирал Цюй Дунъю
оролцож үг хэлнэ.
Үүний дараа желато бэлтгэх ДАШТ-нд
түрүүлж байсан Эуженио Морроне, хүрээлэн
буй орчныг хамгаалах асуудлаар мэргэшсэн судлаач Пьетро Маттеи болон ФАО-гийн
ойн аж ахуйн мэргэжилтнүүд “Ойн хүнсний нөөц ба хүнсний үйлдвэрлэл дэх ойн
үүрэг” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг явуулах юм.
Мөн та өөрөө санаачлан Ойн өдөрт зориулсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулах
эсвэл мод тарих, симпозиум, уран бүтээлийн үзэсгэлэн, гэрэл зургийн уралдаан
зэрэг үйл явдлуудад оролцох боломжтой.
Та IDF@fao.org гэсэн хаягаар
гэрэл зургуудаа илгээснээр таны зохион байгуулсан, оролцсон үйл явдлууд Дэлхийн
ойн өдөрт зориулсан эвентүүдийн жагсаалтад багтах болно.
Мөн #ForestDay хэштэгээр нийгмийн сүлжээнүүдэд явагдах хэлэлцүүлэгт оролцож, энэ оны онцлох сэдвүүдээр мэдээ мэдээллүүдийг түгээж, өөрийн очих дуртай ойн гэрэл
зургуудыг нийтэлж, бусадтай хуваалцаарай.
Ойн тухай сонирхолтой баримтууд
- Өдгөө хуурай газрын 31 хувийг ой мод эзэлж байгаа бөгөөд 200 жилийн өмнө манай дэлхий 2
дахин их модтой байжээ.
- Сибирийн тайга
бол дэлхий дээрх хамгийн том ой бөгөөд Сибирийн газар нутгийн 2/3 буюу 8 сая
хав.дөр.км орчим талбайг эзэлдэг.
- Дэлхийн ойн сан
хөмрөгийн 22 орчим хувь нь Орос улсад байдаг.
- Бүх ойн тал
орчим хувь нь халуун орны
бүсэд оршдог.
- Дэлхий даяарх
ой модны 7 орчим хувийг хүмүүс тарьж ургуулжээ.
- Жил бүр 100 сая
орчим ширхэг мод устаж үгүй болдог.
- Жил бүр 3,3 сая
га газрын ой мод устан үгүй болж байна.
- Малайзын ойн
бүсүүд бараг бүрэн устжээ.
- Финланд улсын
газар нутгийн 70 гаруй хувь нь ойгоор бүрхэгджээ.
- Оросын ой мод
8,09 сая хав.дөр.км талбайг эзэлдэг.
- Шмидтийн хус
бол дэлхий дээрх хамгийн хатуу моддын нэг бөгөөд түүнийг сүхээр цохиж тайрах
боломжгүй.
- Хамгийн өндөр мод бол АНУ-ын Калифорни муж улсад ургадаг секвойя гэдэг төрлийн мод бөгөөд тэдгээрт Гиперион (115, 61 м), Гелиос (114,58 м), Орион (112,63 м) гэдэг нэр өгчээ.
- Хус бол хамгийн
өргөн тархсан навчит мод юм.
- Хамгийн хөгшин
мод 2000 настай бөгөөд Литва улсын ойд ургадаг.
- Ой мод нь
шаардлагатай шимт бодисуудынхаа дөнгөж 10 хувийг хөрснөөс, үлдсэнийг нь агаар
мандлаас авдаг гэнэ.
- Дэлхий даяар 1
сая орчим хүн мод боловсруулах салбарт ажилладаг.
- Зөвхөн цаас
үйлдвэрлэхийн тулд дэлхий даяар жил бүр 125 сая ширхэг модыг огтолж байна.
- А4 хэмжээтэй
нэг ширхэг цаас үйлдвэрлэхэд 15-20 гр мод ордог ажээ. Харин дундаж хэмжээтэй
нэг номыг хэвлэхийн тулд 5 кг модоор цаас хийх шаардлагатай.
- Өнөө үед нийт
цаасны талаас илүү хувийг хоёрдогч түүхий эдээс гарган авч байна.
- 80 кг цаасыг
дахин боловсруулснаар нэг модыг аварна.
- Дэлхийн ой мод
жил бүр 2 тэрбум тонн гаруй нүүрсхүчлийн хийг шингээдэг.
- Өнөө үед
хэрэглэж буй эмний 25 хувийг халуун орны ойн ургамлуудаас гаргаж авдаг.
- Дэлхийн ой
модны 54 хувь нь ердөө тавхан улс буюу ОХУ, Бразил, Канад, АНУ, БНХАУ-ын нутаг
дэвсгэрт байдаг ажээ.
- Онгон ой 1
тэрбум 110 сая га талбайг эзлэн оршдогоос 61 хувь нь ердөө гуравхан улс буюу
Бразил, Канад, Оросын нутагт байдаг.
- Дэлхий даяар 70
мянга орчим төрлийн мод ургадаг.
- Дэлхий дээр огт
ой модгүй гурван улс байдаг нь Бахрейн, Катар, Ливи юм. Харин Өмнөд Америкийн Суринам
улсын нутаг дэвсгэрийн бараг 98 хувь нь ойгоор хучигджээ.