СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд сүрьеэгийн 94 шинэ тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-25 12:01:45

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг "Тийм ээ! Бид сүрьеэг устгаж чадна. Амлалтаа хэрэгжүүлье, хөрөнгө оруулъя, үйлчилгээг хүргэе" уриан дор нэгдэн тэмдэглэлээ.

  

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн ЭМГ-аас жил бүр орон нутагт мэргэжлийн эмч нарын баг ажиллуулж, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог тогтмол хийж хэвшээд байгаа юм.

 

Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар 94 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь бусад аймагтай харьцуулахад өвчлөл өндөр хэвээр байгаа юм.

 

Жилээс жилд сүрьеэгийн шинэ тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч хүндрэл, дахилт, олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүйг сануулж байна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга, эрүүл мэндийн гавьяат ажилтан Ж.Од ярилаа.

 

Сүрьеэ нь аминд аюултай арван өвчний нэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй, Номхон далайн баруун бүсийн 7 орны тоонд оржээ.

 

Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувь нь хүүхдэд тохиолдож байна. Мөн нийт өвчлөгсдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа юм.

 

Жилд 200 орчим хүн энэ өвчнөөс болж нас барж, зөвхөн 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт оржээ.

関連ニュース