Төв Азийн байгаль орчны хямралын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэгт Монгол Улс туршлагаа хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-08 08:53:00

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа төв Азид тулгарч буй байгаль орчны гурвалсан хямралын талаар сайд нарын дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцлоо.


Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон энэхүү хэлэлцүүлэгт Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Монгол Улсын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, орчны бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм. 


Хэлэлцүүлгийн үеэр улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагыг хуваалцав. Тухайлбал, төв Азийн зарим улс жимс жимсгэний аж ахуйг амжилттай хөгжүүлж, хуурай бүсэд тэсвэртэй мод, бут тариалах, хотын ногоон бүсийг өргөжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн туршлагуудаа танилцууллаа.


Монгол Улсын хувьд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулж буй туршлага, байгаль орчны байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгуулсан Байгаль хамгаалах илтгэлцлийн сан, мөн хөв цөөрөм байгуулах, ховордсон ан амьтдыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодит ажлаа хуваалцсан юм.


Төв Азийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нийтлэг ажиглагдаж байна. Мөнх цас, мөсөн гол эрчимтэй хайлж, усны нөөц багасах нь хүнсний аюулгүй байдалд эрсдэл дагуулж, гол мөрний татрал, газрын доройтол, экосистемийн хомсдолыг улам бүр гүнзгийрүүлж байна. Аралийн тэнгис ширгэж, хуурай цөл болон хувирсан нь энэ бүс нутагт тулгарч буй байгаль орчны сорилтын тод жишээ юм. Ийм нөхцөлд оролцогч орнууд туршлага солилцох, бүсийн түвшинд судалгаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ногоон Их Сургуульд боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах  санал солилцсон талаар БОУАӨЯ-наас мэдээлэв. 

 

関連ニュース