Хүмүүн Цогцолбор сургуулийн төгсөгчид төрөлх сургуульдаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ2001 онд Төв аймгийн Хүмүүн Цогцолбор сургуулийг төгссөн 8 бүлгийн 200 гаруй залуус нэгдэж 15 жилийнхээ ойд зориулан "Бүтээлч ажил-15" төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь бүтэн жил үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд тэд төрөлх сургуулийнхаа төлөө багагүй зүйл хийсэн талаар тус сургуулийн багш ажилчид дурьдаж байна.
Энэ сарын 28 ний өдөр уг төслийн 13-р ажил буюу Хүмүүн Цогцолбор сургуулийн 10-аас 12-р ангийханд зориулсан "Мэргэжил бүхэн сайхан" сэдэвт лекцийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын "Полиси" сургалт судалгааны төвийн захирал ноён Эрдэнэгэрэл уригдан ирж хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай сонирхолтой яриа өрнүүлснийг оролцогчид онцолж байлаа.
Түүнчлэн "Бүтээлч ажил-15" төслийнхөө хүрээнд төрөлх сургуульдаа вэб сайт хийж өгөөд зогсохгүй сургуулийнхаа багш ажилчдыг 12 төрлийн эмчийн үзлэгт бүрэн хамруулсан байна. Мөн ахлах, дунд, бага ангийн 2100 сурагчдын дунд гарын ариун цэвэр, амны хөндийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд зэрэг өөрт тохирсон эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж сургуулийнхаа гадна талбайд 45 ширхэг хуш мод тарьжээ.
Дэмжлэг үзүүлэх шаардлагатай нэг оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт "Цусаа бэлэглэе" аянг амжилттай зохион байгуулж 70 хүний эрдэнэт амийг аврах цус хандивласан аж. Үүнээс гадна 2000-2011 онд хичээл зааж байсан багш нартаа хүндэтгэл үзүүлээд зогсохгүй сургуульдаа спорт заалны цонхны хамгаалалт материалыг бэлэглэсэн зэрэг нийгмийн сайн сайхны төлөө олон арга хэмжээг зохион байгуулж 15 жилийн ойгоо бусдадаа үлгэр дуурайл болохоор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Т.Есүхэйтөмөр