ХОВД: “Залуу малын эмч” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн малын эмч нарын нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 16-нд боллоо.
Үүнд 17 сумын мал эмнэлгийн тасаг, нэгжийн эмч, мэргэжилтнүүд оролцож, салбарын өнөөгийн байдал, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай санал солилцов.
Ховд аймаг 3.5 сая толгой малтай.
Тус аймгийн мал эмнэлгийн салбарт өнөөдрийн байдлаар 80 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд мал сүргийн 50-60 хувьд үйлчилгээ үзүүлж буй.
Одоогоор энэ салбарт ажиллах боловсон хүчин, хүний нөөцийн асуудал дутагдалтай байгаа талаар зөвлөгөөнд оролцогчид хэлж байна. Иймээс цаашид ажиллах боловсон хүчний залгамж халааг таслахгүй байх, малын эмчийн тоог нэмэгдүүлэхэд анхаарна.
2025 оноос эхлэн “Залуу малын эмч” хөтөлбөр хэрэгжүүлэх ба тодорхой шалгуур үзүүлэлт, журмын дагуу мал эмнэлгийн сургуульд суралцаж байгаа зарим оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох аж.