АРХАНГАЙ: Японы “Онодера” групп аялал жуулчлалын салбарт 100 мэргэжилтэн бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-17 11:24:16

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  Япон Улсын “Онодера” групп гурван талт санамж бичгийн хүрээнд Хангайн бүс болон залгаа бүсүүдийн залууст мэргэжлийн анхан шатны баримжаа олгож, сургалт явуулж, дараа нь Япон Улсад дадлага, туршлага олгох цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Өөрөөр хэлбэл, “Онодера” групп аялал жуулчлалын чиглэлээр ресторан, зочид буудлын менежмент, зочид буудлын үйлчилгээ, хөтөч зэрэг мэргэжлээр хангайн бүсийн 100 залууг сургахаар сургалтаа Архангай аймагт эхлүүлэхээр иржээ. Зургаан сарын сургалтын дараа бэлтгэгдсэн залуус Япон Улсад гурван жил ажиллаад эргэн ирж орон нутагтаа мэргэжлээрээ ажиллах юм. 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нарын төлөөллүүд энэ оны 3 дугаар сард Япон Улсад албан айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар яриа хэлэлцээ хийсэн байдаг.


Хүнсний үйлдвэрлэл, технологи, үйлчилгээний салбарт хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх, сургах, дадлагажуулах талаар хэлэлцэн тохиролцсоны дагуу хамтын ажиллагааны эхлэл болгож 4 дүгээр сарын 14-ний өдөр Хангайн бүсийн зөвлөл, ШУТИС болон Японы “Онодера” группийн төлөөллүүд хамтын ажиллагааны  гурван талт санамж бичгийг байгуулсан юм.

関連ニュース