Сонгинохайрхан дүүрэгт задгай спорт цогцолбор барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-22 10:11:36

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн III хороонд задгай спорт цогцолбор барих ажил үргэлжилж байна.


Энэ нь 500 хүний суудалтай бөгөөд хөлбөмбөгийн стандарт талбай, зургаан эгнээ гүйлтийн зам, 3х3 сагсан бөмбөгийн хоёр талбай, талбайн теннис, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий цогцолбор болох юм. Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажлыг “Аглут” компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа аж. Уг спорт цогцолборын талбайн газрыг 2021 онд чөлөөлжээ. Энэхүү талбай ашиглалтад орсноор СХД-ийн хүүхэд залуус спортоор хичээллэхээс гадна нийслэлийнхэн эндэхийн стандарт гүйлтийн замаар үйлчлүүлэх боломжтой болж байна. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын хэлснээр энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд барьж буй хоёр дахь том цогцолбор болж байгаа аж. Тэрбээр энэхүү талбайд хөлбөмбөг болон хөнгөн атлетикийн олон улс болон бүсийн тэмцээн зохион байгуулах боломжтойг онцоллоо. Мөн тэмцээнд оролцож буй тамирчдын ая тухыг бүрэн хангах ариун цэврийн байгууламж, хувцас солих өрөө, хурлын танхим зэргийг иж бүрэн шийдсэнээрээ онцлог юм.








関連ニュース