Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-12 14:55:17

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж буй төвөд хэлээрх эртний гар бичмэл, судар номнуудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ.


Тодруулбал, “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж буй эртний Төвөд гар бичмэлүүд, модон бараар барласан ном судрыг каталогжуулан цахимжуулах” төслийн үр дүнд 4383 баринтаг номыг тоон хэлбэрт шилжүүлэн вэб сайтад тавихад бэлдэн, 1 сая 437 818 хуудас номыг хуулж, 77544 гарчиг ном, модон барын хэвлэлийг бүртгэн каталогжуулжээ. Эдгээр нь уламжлалт мэдлэг, зан үйл, туульс, судар болон монголын соёлын өвийн бусад хэлбэрийг агуулснаараа онцлогтой. Ийнхүү Үндэсний номын сангийн соёлын өвийг хадгалж хамгаалснаас гадна Гандантэгчинлэн хийд дэх сургууль, Хархоринд байрлах Эрдэнэ Зуу хийд зэрэг байгууллагад хүрч, оюутан, судлаач, эрдэмтдэд болон шинжлэх ухааны хуралд зориулсан соёл боловсролын судлагдахууны хүрээг тэлснээрээ ач холбогдолтой юм.



Төслийг Монгол Улсын Үндэсний номын сан, АНУ-ын Элчин сайдын яам, Аризона мужид төвтэй ашгийн бус байгууллага Азийн Өвийн сангийн төлөөлөгчид 2022-2025 онд амжилттай хэрэгжүүлж, анх төлөвлөснөөсөө 5 дахин их ажлыг амжуулж, Төвөд болон буддын шашны 15 мянга гаруй гар бичмэл, номыг ийнхүү хадгалан хамгааллаа.


Үндэсний номын санд хадгалж буй судар ном, гар бичмэлүүдийн архивыг нийтэд хүртээмжтэй цахим болгосон нь оюутнууд мэдлэг олж авах, эх бичиг судлалын эрдэмтэд, буддистууд гэлтгүй нийтэд хүрэх материал бэлдсэнээрээ, цаашилбал хүн төрөлхтний өвийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан төсөл болсныг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо тэмдэглэж байв.


Түүх соёлын гайхамшигт өв уламжлалтай Монгол Улсын соёлын өв болсон эртний түүхэн гар бичмэлүүд, модон барыг хадгалан хамгаалж, цахимжуулсан нь АНУ, Монгол Улсын бат бөх түншлэлийн илэрхийлэл болохыг АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган дээрх төслийг хаах ёслолын үеэр онцлоод, “Бид соёлын үнэт өвийг хамтдаа хадгалан хамгаалж, хойч үеийнхэнд энэ баялаг өвийг судлах, суралцах боломж олгож байна. Хамтын ажиллагаа нь АНУ-ын инновацыг Монгол Улс туршсан төдийгүй соёлын өвөө хэрхэн хамгаалж байгааг харууллаа. Энэ түншлэл нь Монголын баялаг түүх, соёл, утга зохиолын өвийг хүндэтгэх АНУ-ын хандлагыг илэрхийлж, дэлхийн соёлын өвийг хадгалан хамгаалахад технологи инновацын тэргүүлэгч болохыг онцолж буй үйл хэрэг” гэжээ.



Төслийн зохицуулагч Б.Сайнбилэг ярихдаа төслийн багийнхан шинэ дэвшилтэт техник технологийг бусдад заах хэмжээний чадвар эзэмшсэн нь зөвхөн судар ном, гар бичмэлийг эмхэлж бүртгэн каталогжуулж цахим болгохоос гадна хүний нөөцөө бэлдэхэд томоохон ахиц дэвшил болсныг тодотгож байлаа.


Техникийн туршлага, гар бичмэлүүдийг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг хариуцсан Азийн Өвийн сан нь Буддын дижитал нөөцийн төвтэй хамтран гар бичмэлүүдийг дэлхий даяарх судлаачдад нээлттэй болгосон нь үнэт ном судар бүхий монголын соёлын өвийг хамгаалж, энэ төрлийн соёлын өвийг хамгаалах Монгол Улсын туршлага, чадавхыг бэхжүүлсэн юм.

Монгол Улсын Үндэсний номын санг 1921 онд байгуулсан бөгөөд монголын XIII зуунаас хойшх соёлын өвийн ховор номын 90 гаруй хувийг хадгалдаг билээ. Олон төрлийн бичиг баримт, захидал, анагаах ухааны номыг төвөдөөр бичсэн байдаг.


Азидаа хэмжээгээрээ бараг хоёрдугаарт орохуйц хэмжээний арвин сударт номтой бөгөөд 47 мянган баринтаг ном, 1.1 сая гарчиг судрыг хадгалдаг аж. 



関連ニュース