Э.Мөнхчулуун: Би гэрэл зургийн гайхамшгийг хүмүүст таниулж, амьдралын агшин, байгалийн сайхныг мэдрүүлэхийг хичээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-24 09:44:06
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн, Монголын байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн гишүүн гэрэл зурагчин Эрдэнэдоогийн Мөнхчулуун өөрийн 20 гаруй бүтээлийг “Говийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнд дэлгэж, үзэгч олны хүртээл болгож байна.


Э.Мөнхчулуун гэрэл зураг сонирхож, 2011 оноос “Дундговь фото студи” байгуулан ажиллаж байгаа ба түүний бүтээл хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэгдэл юмс, цаг уурын өөрчлөлт, нийгмийн сайн сайхан, амьдралын агшныг гэрэл зургаар харуулдгаараа онцлог.


Тэрбээр өөрийн бүтээлээр дамжуулан гэрэл зургийн гайхамшгийг иргэд, олон нийтэд таниулах, гоо зүй, амьдралын агшин, байгалийн сайхныг мэдрүүлэх, түүгээр дамжуулан эерэг сайхан хандлагыг түгээн дэлгэрүүлэх гэж хичээж явдаг хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцаж, хүн гэрэл зургийг зүгээр нэг хараад дуу алдаад өнгөрөх биш түүнээс байгалийн сайхныг мэдэрч, таашаал авч, алжаал, стрессээ тайлж, амарч чаддаг байгаасай хэмээн тодотгосон.


Гэрэл зургийн ертөнцөд түүний гаргасан амжилт багагүй. Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 2023 оны "Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан"-ны “Монгол ахуй” төрөлд түүний “Баатар” бүтээл III байрт, 2014 онд Дундговь аймгийн ОБГ-аас зохион байгуулсан “Бид аварна, хамгаална” гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр, 2020 онд “Агтана хүрээт хүлэгч эрс” наадмын гэрэл зургийн уралдаанд III байр, 2021 онд болсон “Аянч” гэрэл зургийн уралдаанд “Угалз” бүтээлээрээ тэргүүн байр, 2021 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан зохион байгуулсан “Цөлжилт Монголд” уралдаанд “Газрын хилэн” бүтээлээр дэд байр эзэлж байжээ.


Мөн 2018 онд “Талын түмэн адуу” эвент үйл ажиллагааны гэрэл зургийн үзэсгэлэнд “Өвгөд”, “Бэлчээрт” зэрэг бүтээлээр, 2021 онд “Шилжин суурьшигчид”, “Монгол бахархал-2020”, “Монгол ахуй соёл-2021” зэрэг гэрэл зургийн үзэсгэлэнд “Тууврын замд”, “Нүүдэл” бүтээлээр амжилттай оролцож, 2022 онд Макс гуппийн 30 жилийн ойд зориулсан “Үндэсний өв соёл-Монгол бахархал” сэдэвт гэрэл зургийн уралдаанд “Тушаа цэнхэр” бүтээлээрээ амжилттай оролцон “Шилдэг 50 бүтээл”-ийн нэгээр шалгарч байсан.


Саяхан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубээс хамтран зохион байгуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны мэргэжлийн төрөлд түүний “Хөдөлмөрийн үр шим” бүтээл хоёрдугаар байр эзэлсэн байна.


Тэрбээр хамтарсан 3 дахь үзэсгэлэнгээ ийнхүү гаргаж байгаа уран бүтээлч юм. Амьдралын агшин, байгалийн сайхан, юмс үзэгдэл, үйл явдлыг гэрэл зургийн дуранд буулган үзсэн хүнд бодит юм шиг сэтгэгдэл төрүүлэхийн тулд гэр зурагчнаас маш их тэсвэр, тэвчээр шаардаж, маш их цаг хугацаа зарцуулдаг. Үзэсгэлэнд тавигдсан түүний бүтээлээс Газрын хилэн, 100 цагаан тэмээ, Ирвэс, Чинван Чагдаржав, Аргалын сүрэг, Баатар, Агшин, Нүүдэл, Өвгөд, Талд ургасан чулуу зэрэг бүтээл нь олны талархлыг хүлээж байна.



"Талд ургасан чулуу": 3000 морин хуурч, уртын дуучийн урлагийн анхдугаар наадам, 2018 он



“Газрын хилэн”: 2021 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан зохион байгуулсан “Цөлжилт Монголд” уралдаанд  дэд байр эзэлсэн бүтээл. 



"Ирвэс": Өмнөговь аймагт 



"Зуун цагаан": 2024 онд Өлзийт суманд зохион байгуулсан "Тэмээчдийн баяр"-ын үеэр авсан гэрэл зураг



"Нүүдэл": “Монгол ахуй соёл-2021” зэрэг гэрэл зургийн үзэсгэлэнд энэхүү бүтээлээр оролцож байсан. 



"Чинван Чагдаржав": Мандалговь хотод авсан гэрэл зураг



"Баатар": Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 2023 оны "Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан"-ны “Монгол ахуй” төрөлд энэхүү бүтээлээр оролцож III байрт шалгарсан. 









関連ニュース