ДОРНОГОВЬ: Гэрэл зургийн үзэсгэлэнг 400 гаруй хүн үзэж сонирхжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Улс орон даяар нэгэн хугацаанд өрнөсөн Монголын “Гэрэл зургийн долоо хоног” цогц үйл ажиллагаа Дорноговь аймагт “Photo week Dornogobi” нэрийн дор өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө.
“Монголын түүх гэрэл зурагт” уриан дор өрнүүлсэн долоо хоногийн үзэсгэлэнд говь нутгийн долоон гэрэл зурагчин говийн өнгө, байгаль, хүмүүний аж амьдрал хөрөг, ахуй соёлын сэдэвчилсэн хоёр үзэсгэлэн дэлгэж, 80 гаруй зургийг олны хүртээл болгосон байна. Гэрэл зургийн үзэсгэлэнг 400 гаруй иргэн үзэж сонирхсон бол “Гэрэл зураг ба Аялал жуулчлал” хэлэлцүүлэг, “Гэрэл зураг ба Оюуны өмч” чөлөөт уулзалт, залуу гэрэл зурагчдын улсын уралдааны аймгийн шатны шалгаруулалтыг зохион байгуулжээ.
Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбоо, аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Музей сургалт судалгааны төвтэй хамтран зохион байгуулсан эл үзэсгэлэнгээр гэрэл зургийн уран бүтээлийг олон нийтэд хүргэх, гэрэл зургаар аймаг орон нутгийг сурталчлах, говь нутгийн үзэсгэлэнт байгаль, түүх, өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэжээ.
Ташрамд, Дорноговь аймгийн гэрэл зурагчид наймдугаар сард Хамарын хийдэд болох “Тэнгэрийн хутагт” фестивалийн үеэр аймаг орон нутгийн байгалийн сайхан, онцлог, хүмүүний аж амьдралыг харуулсан үзэсгэлэн дэглэхээс гадна хөрш аймгийн гэрэл зурагчидтай танилцах, туршлага судлах, гэрэл зургийн аялал зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.