Нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн бодлогын талаар туршлага солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-30 14:52:40

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Алимаа болон холбогдох албан хаагчид Бүгд Найрамдах Киргиз Улсын Нийгмийн сангийн газрын Тэтгэвэр, тарифын бодлогын газрын дарга Жылдыз Кулжанова тэргүүтэй төлөөлөлтэй цахимаар уулзлаа.


Уулзалтаар хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн бодлогын талаар харилцан туршлага солилцов.

ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн Хуримтлалын нэгдсэн сангийн хэлтсийн дарга А.Хишигбаяр Монголын нийгмийн даатгалын тогтолцооны талаар танилцуулж, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангахад анхаарч “Алсын хараа-2050” урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримтуудад зорилтууд тусгасныг тодотгов.


Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар Монгол Улсын 130 орчим иргэн БНКУ-д, тус улсын 60 гаруй иргэн манай улсад оршин суудаг байна. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай тул хоёр улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Нийгмийн хамгааллын тогтолцоог судлах хэрэгцээ шаардлагатай байгаа аж.


Манай улс Оросын холбооны улс /1981/, Бүгд Найрамдах Солонгос Улс /2006/ Бүгд Найрамдах Унгар Улс /2012/ Бүгд Найрамдах Польш Улс /2019/, Бүгд Найрамдах Турк Улс /2018/, Бүгд Найрамдах Чех Улс /2019/-тай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулжээ. Казахстан Улстай Тэтгэврийн талаар хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан 2024 онд гарын үсэг зурсан, энэ онд уг хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахыг зорьж байгаа. Цаашид ОХУ-тай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэх, Бүгд Найрамдах Австри, Австралийн Холбоотой Улстай хэлэлцээр байгуулах аж. 

関連ニュース