Улиас, хайлаас, үхрийн нүд, алимны мод худалдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргээс “Мод, бут сөөгийн суулгац, үр, үрслэгээний үзэсгэлэн худалдаа”-г Барилгачдын талбайд зохион байгуулж байна.
Тус дүүргээс “Мод бут сөөгийн суулгац, үр, үрслэгээний худалдаа”-г 2009
оноос хойш зохион байгуулж байна. Үзэсгэлэнд нийслэлийн болон орон
нутгийн мод үржүүлэгч аж, ахуй эрхлэгчид оролцож, улиас, хайлаас, гацуур, нарс, үхрийн нүд, улаалзгана, сарнай,
голт бор зэрэг цэцэгт болон жимсний модыг борлуулдаг. Тухайлбал, худалдаачид 10-30-аад төрлийн модыг таван зуугаас 120 мянган төгрөгөөр худалдаж байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцогч “Шаамар питомник” компанийн талбайн
инженер Н.Нацагдорж ярихдаа, “Энэ үзэсгэлэнд 10 дахь жилдээ оролцож
байна. Хүмүүс том жимстэй, ургац арвин авдаг гүйлс, бүйлс, голт бор
гэхчлэн маш гоёмсог үзэсгэлэнтэй цэцэглэдэг модыг сонирхож байна. Манайх алим, чавга, лийр, улаан интоор, голт бор, улиас зэрэг 30 гаруй зүйлийн мод үржүүлдэг. Стандартын
шаардлага хангасан 1.5 метрээс дээш өндөр мод тариалдаг. Манай үхрийн нүдний суулгацыг усан үзэмтэй эрлийзжүүлэн
гаргаж авснаараа онцлог. Энэ сорт нь өвчин, хортонд тэсвэртэйгээс
гадна маш арвин жимслэдэг. Нэг модноос 4-6 кг жимс авдаг” хэмээн онцлов.
Мөн Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн үндэс” компани энэ үзэсгэлэнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож, навчит,
гоёлын, жимсний гээд 22 төрлийн модны үрслэгээ борлуулж байна.
"Түмэн Үндэс" компанийн менежер Б.Чимгээ хэлэхдээ, “Увс аймаг халуун, хүйтэн эрс тэс уур амьсгалтай. Бид сүүлийн
жилүүдэд жимсний модны шинэ сортыг тариалж үзсэн. Цаг уурын нөхцөл байдлаас
шалтгаалан зарим нь таарахгүй хөлдөх тохиолдол гарч байлаа. Энэ үзэсгэлэнд ноднин
шинээр гаргасан алим, лийр, үхрийн нүд, чавганы мод, мөн гурван
жилийн өмнө гаргасан мөнгөлөг улиасны үрслэгээг борлуулж байна. Мөнгөлөг улиасыг
Сэлэнгэ, Дарханд ихэвчлэн тариалдаг. Би гурван жилийн өмнө нутагтаа арваад мянган мөчир суулгаснаас таван мянга нь сайн ургасан. Үүнийг энгийн улиастай
харьцуулахад хөвөн хаядаггүй, навч нь хоёр өөр өнгөтэй, маш гоё, тэгш хэмтэй ургадаг. Навчных нь нэг тал ногоон, нөгөө тал нь мөнгөлөг учраас салхилах үед хоёр өнгөөр харагддаг. Хүмүүсийн мод тарих сонирхол
жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ мод үржүүлэгчдэд үзүүлэх дэмжлэг сул санагддаг. Бид гэхэд 1400 км холоос бүх тээвэр зардлаа дааж, хүрч ирээд худалдаа хийе гэхэд талбай нь хүрэлцэхгүй байх жишээний. Цаашид үүнд анхаарах шаардлагатай” гэлээ.
“Мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдаа” тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, манай улс жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг орон даяар өрнүүлдэг. Харин энэ жилээс 7 хоног бүрийн амралтын өдрөөр мод тарихаар болжээ.