СЭЛЭНГЭ: Ойн түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажлыг удирдлага,
зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг
суманд гарсан 4 ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын
нийт 261 алба хаагч, 24 автомашин, хоёр нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн
ангиас 343 хүн, 67 авто машин, түймрийн голомтод нийт 605 хүн, 91 автомашин,
хоёр нисдэг тэрэгтэй ажиллаж байна.
Тус аймгийн Ерөө сумын Буурагчин
2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр
“Майн-Зоо” гэдэг газарт асаж буй ойн түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын
Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан алба
хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Уг түймэр нь уулын эгц орой, хүрч боломжгүй гуу
жалга даган гарч байгаа учраас нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд
хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг өнөөдөр өглөө хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж,
унтраах ажиллагааг хүч
нэмэгдүүлэн зохион
байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн бөгөөд түймрийн голомтод салхитай байна.