ДУНДГОВЬ: 2025 онд аялал жуулчлалын 2 эвент зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. 2025 онд Дундговь аймагт аялал
жуулчлалын хоёр эвент үйл ажиллагааг уламжлал ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, 5 дугаар сарын 24-25-нд
Өлзийт сумын Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт “Сэтгэшгүй оддын
чуулган”, 9 дүгээр сарын 10-11-нд Бага газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газарт
“Адууны өв соёлын баяр”-ыг зохион байгуулах юм.
Тус аймгийн хувьд аялал жуулчлалыг
хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аялал
жуулчлалын брэнд бий болгож, “Сэтгэшгүй оддын чуулган” эвентийг 2022 оноос,
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг 2019, 2023 онд, Адууны өв соёлын
баярыг жил бүр зохион байгуулж байна.
“Сэтгэшгүй оддын чуулган”-ы онцлог нь од
ажиглахад нэн таатай бүс болох Монголын говийн хязгааргүй хээр нутагт одон
орныг ажиж танин мэдэх, Цагаан суварга, Дэл уул зэрэг байгалийн үзэсгэлэнт,
түүх соёлын дурсгалт газраар аялан, түүх соёлтой танилцах боломжийг олгон
аялагчдад оюун санаа, амралтын сайхан мэдрэмж төрүүлэхэд чиглэгддэг.
Харин “Адууны өв соёлын баяр” нүүдэлчин
түмний адууны өв соёлыг сурталчлан таниулдаг онцлогтой. Тухайлбал, “Адууны өв
соёлын баяр”-ын үйл ажиллагааны хүрээнд унага уях, гүү саах, унага уралдуулах
зэрэг зан заншлыг харуулж, “Сайхан хос морьтон”, “Сайхан хөхүүр”, “Сайхан айраг”, “Сайхан
хөхүүр хийдэг өвлөн уламжлагч”-ийг шалгаруулах бөгөөд адуучин залуусын адуу
маллах ёс заншлыг харуулсан “Адуучин тэмцээн”-ийг зохион байгуулдаг.
Мөн энэ үеэр адууны эдлэл хэрэгслийн
худалдааг зохион байгуулж, айраг уух, дэмбээ наадаан, хуруу барих зэрэг
тэмцээн, уралдаан болдог онцлогтой юм.
2024 онд Дундговь аймгийн хэмжээнд гадаадын
37360, дотоодын 22096 жуулчин иржээ. Жуулчдад стандартын шаардлагад нийцсэн 70
ортой 3 буудал, 1000 гаруй хүн хүлээн авах хүчин чадал бүхий 15 бааз, 50 ор
бүхий 2 сувилал, 17 гэр буудал 7 дэн буудал үйл ажиллагаа явуулдаг.