Үйлдвэрийн ослоос сэргийлж, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг тогтолцоог бэхжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол өнгөрсөн онд бүртгэгджээ.
Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь харамсалтай. Гэр бүлд
нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдахад тухайн айлын эдийн засаг, амьдралын чанар ч
буурдаг.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс үүдэн нэг
жилд 127 тэрбум төгрөгийн хохирол учирдаг статистик байна. Монголд хөдөлмөр
эрхэлж буй хүмүүсийн 17 хувь буюу 224 мянган хүн эрсдэл ихтэй ажлын байранд
ажиллаж байгаа. Иймд зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрыг дэмжих нь
нэн чухлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор баасан гарагт
зохион байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулганы үеэр
оролцогчид онцолжээ.
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан чуулганд тавьсан илтгэлдээ “Үйлдвэрлэлийн
осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын тогтолцоо иргэн, ажил олгогч
даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалж, ослоос урьдчилан сэргийлдэггүй. Даатгалын
тогтолцоотойгоо уяж, ослоос урьдчилан сэргийлдэг, нөхөн сэргээх үйл ажиллагааг
түргэн хугацаанд авдаг, бодлогын уялдаатай байдлыг хангана.
Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн
барьж, эрхзүйн шинэчлэлээ хийнэ. Хуулийн хэрэгжилтийг хангуулан, тогтолцооны
шинэчлэл хийж, 2027-2028 Үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх он жилүүд байна” хэмээн
онцолжээ.