ДУНДГОВЬ: Салбар хоорондын уялдааг бүсийн хэмжээнд сайжруулах талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-13 14:58:43
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Дундговь аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Биеийн тамир спортын газар хамтран бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын говийн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнийг Дундговь аймагт зохион байгууллаа.


Зөвлөгөөнд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 104 удирдах ажилтан, 60 залуу оролцсон ба оролцогчдод салбарын урт, дунд, богино хугацааны бодлого, стратегийн зорилтуудыг танилцуулж, хэрэгжилтийг хангах, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар хэлэлцжээ.


Мөн энэ үеэр залуучуудын болон аялал жуулчлалын салбарын хөгжлийн төлөвлөгөө, төрийн албаны манлайлал, шинэчлэл ёс зүй сэдвээр илтгэл танилцуулж, соёл, соёлын өв, урлаг, биеийн тамир спорт, аялал жуулчлал, залуучууд гэсэн дөрвөн чиглэлээр багт хуваагдан төлөвлөгөөнд тусгах саналаа нэгтгэсэн байна.


Зөвлөгөөнд оролцогчид салбарын хүний нөөцийн дутагдал, ажиллах орчин нөхцөл, эрхзүйн орчин, нийгмийн баталгаа зэрэг асуудлыг хөндөж, цаашид хүний хөгжлийг бодлогоор дэмжиж, эргэн ажиллах нөхцөлтэйгээр гэрээ байгуулах, эрүүл мэнд, нийгмийн баталгаагаар хангах, бүсчилсэн төлөвлөлт хийх, говийн онцлогт тулгуурласан соёл урлаг, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуучуудыг ажлын байраар хангах, тэднийг хөгжүүлэх, амьдрах орчныг сайжруулж, түрээсийн орон сууцаар хангах, хөнгөлөлтэй зээлд хамруулах, говийн нөхцөлд ажиллах нэмэлт урамшуулал олгох, залуу малчин гэр бүлийг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг санал, дүгнэлтийг гаргажээ.


Цаашид тус салбарын хэмжээнд орон нутагт соёл, спортын орон зай, хүртээмжийг нэмэгдүүлж, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллах ба Дундговь аймгийн Цагаан суварга, Өмнөговь аймгийн Нэмэгтийн Их хонгил, Хэрмэн цав орчмын палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар төлөвлөжээ. 

関連ニュース