ДОРНОГОВЬ: Говийн бүсийн бизнес эрхлэгчид нэгдэж бүтээгдэхүүнээ борлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт энэ сарын 12-нд болсон Говийн бүсийн анхдугаар зөвлөгөөний үеэр Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн бизнес эрхлэгчдийн “Нэг говь, Нэг бүс” түншлэл, хамтын ажиллагааны үзэсгэлэнг гаргалаа.
Үзэсгэлэнд говийн дөрвөн аймгийн 20 хоршоологч оролцож, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан юм. Энэ жил Дорноговь аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгосон бөгөөд зорин ирэх зочдод зориулан таван брэндийн бэлгийн багц гаргасан байна. Нутагтаа төдийгүй улс даяар танил болсон загсгал цай, ингэний сүүгээр хийсэн төрөл бүрийн амттан, чулуун гоёл, өндөг зэргийг аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнээр нэрлэжээ.
Харин Өмнөговь аймгийн ноён сэврэй хийцийн мөнгөн аяга, дарс, хийцтэй цай, Говьсүмбэр аймгийн боржгин байшингийн хэлбэртэй цагаан идээний бэлгийн багц зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хүмүүс өргөнөөр сонирхсон байна.
Цаашдаа говийн бүсийн бизнес эрхлэгчид нэгдэж бүтээгдэхүүн борлуулах, хамтран туршлага судлах, бизнесээ өргөтгөх зэрэг олон боложмийг хамтдаа эрэлхийлэхээр болжээ.