АРХАНГАЙ: Орон нутгийн төсөвт 10.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-20 13:53:38

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний 4 сард аймгийн төсөвт 15.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 26.0 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 63.5 хувиар давуулан биелүүлжээ.


Харин орон нутгийн төсвийн орлогод 8.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 10.6 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 28.9 хувиар давуулан биелүүлсэн байна.  


Аймгийн төсвийн орлогын 59.5 хувийг тусламжийн орлогоор, 37.1 хувийг татварын орлогоор, 3.4 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ.


Улсын төсвийн орлогод аж ахуй нэгжийн орлогын албан татварт 619.7 сая төгрөг, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 1049.4 сая төгрөг, автын агаарын бохирдлын төлбөрт 32.8 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөрт 1.4 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.4 сая, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар 2.9 сая төгрөг, оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 0.13 сая төгрөг, нийт 1706.8 сая төгрөг төвлөрүүлсэн байна.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа, ажил үйлчилгээний зардлын хэмжээ 16.6 тэрбум төгрөг байгаагийн 44.4 хувийг цалин хөлсөнд, 5.6 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 50.0 хувийг бараа, ажил үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.


Төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 74.9 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 18.1 хувийг боловсролын салбарт, 2.4 хувийг соёлын салбарт, 4.6 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна.


関連ニュース