ДОРНОД: Мянган жилийн түүхтэй "Заян нава" дууны хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-24 21:14:34

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Түмэн олны дунд мянган жил дуулагдсан “Заян наваа” дууны хөшөө Дорнод аймгийн Баяндун сумын нутагт бий.


Заян наваа” хэмээх дууг 8-р зууны үед зохиогдсон гэж үздэг. Төв Азид Түрэгүүд хүчирхэгжин мандаж байх тэр цаг үед Монгол, Уйгур угсааны аймгууд тэдэнтэй тэмцэлдэн дайтсаар байв. Эцэстээ Монгол, Уйгур аймгууд Түрэгүүдэд дийлдэн дарагдаж ихээхэн хохирол амсчээ. Удам угсаагаа Түрэгүүдэд хүйс тэмтрүүлэхгүйн тулд Нүкүз, Хиан хоёр аймгийн цөөн хүн умард зүгт зугтан Эргүнэ Хун хэмээх газар очиж суурьшсан гэдэг. Тэр Монгол угсаатан аймгууд дунд буриадуудын өвөг дээдэс байсан бөгөөд тэдний уугуул нутаг Заян Наваа гэж уултай, Бада Ёго гэдэг голтой үзэсгэлэнт сайхан нутаг байсан гэнэ. Тиймээс Эргүнэ Хунд очсон буриадууд тэр сайхан нутгаа санагалзан дуулсан нь “Заян Наваа” хэмээх дуу юм.

1200 гаруй жилийн өмнө зохиогдсон энэ дууны эртний зургаан шад нь:

“Заян заян заяалай

Заян Наваа миний гүү

Наян наян наваалай

Наян Наваа миний гүү

Байдан байдан байдалаа

Бада Ёго миний гүү” гэсэн үгтэй. Он жилийн уртад олон мөр бадаг нэмж, янз бүрийн хувилбараар дуулах болжээ.

 

Энэхүү арвин баялаг, гайхам сонин домог түүхтэй Заян Наваа дуунд зориулсан хөшөөг Баяндун сумын нутаг Адуун чулуун хэмээх газарт босгосон байдаг.





 

関連ニュース