11, 12 дугаар саруудад “супер сар”-ыг харах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-04 15:42:07

ВАШИНГТОН. /VOA/. Одон орон сонирхогчдын хувьд энэ сарын сүүлчээр гайхалтай нэгэн боломж тохиох болно. Энэ бол тэнгэрт мандах “супер сар”-ыг харах явдал юм.

НАСА -гийн мэдээлснээр 11 дүгээр сарын 14-нд бүтэн сар гарах бөгөөд энэ нь 1948 оноос хойш анх удаа дэлхийд хамгийн ойрхон зайнаас мандаж буй сар юм. Ийм үзэгдлийг 2034 оны 11 дүгээр сарын 25-наас нааш дахин харах боломжгүй гэнэ. 14-ний шөнө мандах тэргэл сар маш тод байх бөгөөд хэмжээ нь ч хамгийн том байх юм.

“Супер сар” гэдэг нь сар дэлхийд ердийн зайнаас илүү ойртон ирсэн үед манддаг сарыг хэлдэг бөгөөд ердийн бүтэн тэргэл сараас 14 хувиар том, 30 хувиар илүү тод гэрэлтдэг байна.

Харьцангуй шинэд тооцогдох “Супер сар” гэдэг нэр томъёог 1979 онд одон орон судлаач Ричард Нолле шинжлэх ухаанд нэвтрүүлжээ. “Супер сар”-ыг мөн “аварга минжин сар” гэж зарим хүмүүс нэрлэдэг байна. 

Энэ нэр томьёо “Old Farmer’s Almanac” номонд дурдагддаг аж. Ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь, колоничлогчид  болон Алгонкин омгийнхны хувьд намаг хөлдөхөөс өмнө сар том хэмжээтэй, тод гэрэлтэй болдог бөгөөд энэ үеэр минжинд урхи тавихад тохиромжтой байдаг аж. Тэд энэ үеийг ашиглан минж агнаж, хүйтэн өвөл өмсөх дулаан хувцсаа базаадаг байна.

11 дүгээр сарын 14-нд мандах “супер сар”-ыг та харж чадаагүй бол 12 дугаар сарын 14-нд харах боломжтой. НАСА-гийн анхааруулснаар,  уг “супер сар”-ыг геминид хэмээх солирын бороо бүдгэрүүлж магадгүй ажээ.

Х.Сарнай

 

関連ニュース