“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол батлахыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-03 09:02:06

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ сарын 2-нд болж, “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, тогтоолын төслийг танилцуулав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хамтарсан Засгийн газар ажиллаад 10 сарын хугацаанд 60 гаруй жил ярьсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын, 30 гаруй жил ярьсан эрчим хүчний реформ болон үнийн чөлөөлөлтийн, 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны, 20 гаруй жил улстөржиж гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлсэн. Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, эдийн засаг хоёр дахин тэлсэн, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наядаас 80.0 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4128 ам.доллароос сүүлийн гурван жилд тогтмол өсөж 6898 ам.долларт хүрсэн, зээлжих зэрэглэл нэг шат ахижолон улсын санхүүгийн байгууллагын өмнө Засгийн газрын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож эхэлсэн зэрэг суурь үзүүлэлтийг сануулсан юм.


Дараа нь “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 73.9 хувь нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 


Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан юм. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 28-нд Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө итгэл үзүүлэх, эсэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлснийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг 92.9 хувийн ирцтэй хэлэлцэж, нийт гишүүдийн олонхын саналаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй гэж шийдвэрлэснийг албан ёсоор мэдэгдэв.


Санал хураалтад оролцохгүй байх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэсэн улс төрийн шийдвэр гэдгийг тэрбээр тайлбарлаж, нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдүүдийн хэрэглээ, хууль ёсны орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж байгаа нь ард иргэдийг төөрөгдүүлж буй зарчимгүй үйлдэл, хоёрдугаарт, МАН-ын бага хурлаас Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан нь Хамтарсан Засгийн газар байгуулах улс төрийн намуудын төлөөллийн байгууллагуудын гаргасан шийдвэр, хамтран ажиллах гэрээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэнийг танилцууллаа.


Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсны дараа түүнд итгэл хүлээлгэх эсэх талаар байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм.


Энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, Засгийн газрыг бүх талаар дэмжиж ирснээ дурдаад, Монгол Улсад хүн бус хууль засаглах ёстойг сануулж, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай асуудлыг огт дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр, парламентын засаглалыг тууштай дэмжиж буй итгэл үнэмшлээ илтгэн, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад гар бие оролцож, Ерөнхийлөгчийн олон эрх мэдлээс татгалзсаны зэрэгцээ Авлигатай тэмцэх газрыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлэн, шүүгчдийг томилох эрх мэдлээ Шүүхийн ерөнхий зөвлөлд өгсөн тухай ярив. Түүнчлэн парламентын засаглалыг тууштай дэмжих бөгөөд өөрийнх нь бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Түүнчлэн Үндэсний баялгийн сан байгуулах асуудлыг Ерөнхийлөгч санаачлан, Үндсэн хуульд оруулснаа сануулж, байгалийн баялгийг ард түмэн ижил тэгш хүртэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа онцлоод, талбай дээр гарч жагсан шударга ёсыг шаардаж байгаа ард түмнээ сонсож ажиллахыг УИХ, Засгийн газарт зөвлөсөн юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үгээ хэлсний дараа УИХ-ын гишүүд үргэлжлүүлэн үгээ хэллээ. УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа хэлэлцэж буй тогтоолын төслийг батлах талаар санал хураалт явуулахтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар, саналын хуудсаар явуулах горимын санал гаргасан юм. Энэхүү горимын саналыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77 буюу 65.3 хувь нь дэмжив. Нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 53.6 хувь буюу 44 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг зөвшөөрсөн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзжээ.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, тогтоолын төсөл батлагдаагүй тул Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай тогтоол батлагдсанд тооцлоо. Уг тогтоолоор, шинэ ерөнхий сайдыг томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Л.Оюунрдэнэд даалгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

関連ニュース