ДОРНОГОВЬ: Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-03 14:02:20

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 3/МОНЦАМЭ/. Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр захирамж гаргаж сумын хэмжээнд электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн хориглолоо.


Сумын ЗДТГ-аас электрон тамхи болон үүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийн болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж тэдний саналыг сонсож, нэгдсэн шийдэлд хүрснээр дээрх шийдвэрийг гаргажээ. 


Захирамжид өсвөр насны хүүхдүүдийг электрон тамхи татуулахгүй байх, электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэглэгчийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажил хариуцсан хүмүүст даалгасан байна.


Нэг
 ширхэг электрон тамхинд 20 ширхэг янжуур тамхитай тэнцэх никотин агуулагддаг бөгөөд никотин бол тамхи, тэр дундаа электрон тамхинд агуулагддаг донтуулагч бодис гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага төдийгүй Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрчээ.


Сайншанд сум, Улаанбаатараас 450 км алслагдсан бөгөөд төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй, түр оршин суугчидтайгаа нийлээд 30 гаруй мянган хүн аж төрж байна.  

関連ニュース