Авто замын борооны ус зайлуулах шугамыг хоёр байршилд угсарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-09 11:24:18

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Авто замын борооны ус зайлуулах шугамыг хоёр байршилд угсарч байна.

 

Геодези усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээг энэ онд 17 байршилд угсрахаар төлөвлөжээ. Борооны ус зайлуулах шугам сүлжээг 10-15 байршилд шинээр угсрахаас одоогоор хоёр байршилд ажлаа эхлүүлээд байна. Тодруулбал, Баянгол дүүргийн "Алтай хотхон"-ы автобусны буудал, Энгельсийн гудамж орчимд 1415 метр, Хан-Уул дүүргийн "ТЭЦ-3"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл 1398 метр шугам угсарч байна.


Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан ярихдаа, “Нийслэлд ус их тогтдог, эрсдэлтэй 24 байршлыг өнгөрсөн онд тогтоон, зураг төсөл хийсэн.

Борооны ус зайлуулах шугам угсралтыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохицуулж сургууль, цэцэрлэг амарсан үед буюу энэ сарын 2-ноос эхлүүлсэн.

Авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн байршилд эдгээр ажлыг эхлүүлснээр араас нь замын хучилт хийх боломжтой болно. Борооны ус зайлуулах хоолойг 600-1000 мм голчтой төмөр бетоноор угсарч байна. Ингэснээр эдэлгээ сайн байх юм” гэв.



Нийслэлд үерийн хамгаалалтын инженерийн 170 км байгууламж бий. Улаанбаатар хотын 2040 оны хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нэмээд 440 км гаруй байгууламжийг үе шаттай хийхээр төлөвлөжээ.








関連ニュース