ДОРНОГОВЬ: Анагаахын сургуулийн төгсөгчид оюутан насны дурсамжаа сэргээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн төгсөгчдийн уламжлалт “Алтан хэлхээ” уулзалт өнгөрсөн долоо хоногт төрөлх сургууль дээр боллоо.
Энэ удаагийн уулзалтад тус сургуулийг 1965, 1975, 1985, 1995, 2005, 2015, 2025 онд төгсөөд эмч, эмнэлгийн мэргэжилтэн хэмээх мэргэжлийг эзэмшин, эх орны өнцөг булан бүрд ажиллаж, иргэдийн эрүүл энхийн үйлсэд амьдрал ахуй, эрдэм мэдлэгээ зориулж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож оюутан ахуй насаа дурсан нэгэн хормыг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна.
“Алтан хэлхээ” уулзалт нь оюутан насны дурсамж дүүрэн он жилүүдээ дурсах, анги хамт олон, найз нөхөд багш нартайгаа уулзах, сургуультайгаа танилцах баярт мөч байдаг.
Өнгөрсөн түүхэн хугацаанд Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургууль 1400 гаруй их эмч, 6000 орчим эх баригч-бага эмч, сувилагч, 800 гаруй бакалавр сувилагч, 151 бакалавр эх баригч, 200 орчим лаборантын техникч, 450 гаруй эм найруулагч, нийт 8500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэж, зүүн болон төвийн бүсийн аймгуудын боловсон хүчний 80 хувийг тогтмол хангаж иржээ.