Хятадын цахилгаан авто машины үйлдвэрлэл өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-18 13:12:42

Ухань, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах баг БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот дахь авто машины 56 жилийн түүхтэй "VOYAH"  авто машины үйлдвэртэй танилцлаа.


БНХАУ-ын хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь цахилгаан эрчим хүчний авто машины үйлдвэрлэл юм.

Тус улс өнгөрсөн онд 10 сая цахилгаан машин үйлдвэрлэн борлуулж байсан бол 2025 онд 13 сая машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.


Ланьтүн авто машины үйлдвэр нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг, хэрэглэгчийн тохь тухыг хангасан орчин үеийн загвартай, хятадын уламжлал, соёлыг шингээсэн авто машин үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.



Тодруулбал, дөрвөн хүний суудалтай суудлын машин, мөн гэр бүлийн зориулалттай машин нь хүний хэрэгцээ шаардлагыг  илүү хангасан төдийгүй зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг аж.


Авто машины үйлдвэрлэлийн 90 хувь автомат, 10 хувь нь хүний оролцоотой. Үйлдвэрлэсэн машин дундаас хамгийн  борлуулалт сайтай нь гэр бүлийн зориулалттай дунд оврын жип машин юм. Энэ машины үнэ 320-420 мянган юанийн үнэтэй.


Машины эд ангиуд бөх бат, дагалдах системүүд ухаалаг бөгөөд цэвэр эрчим хүчээр ажиллаж, дуу чимээ багатай, тохилог байдлыг хангасан  бага  хэмжээний цахилгаан энергиэр хол зам туулах боломжтой.


Жишээ нь нэг удаа цэнэглээд 1400 гаруй км явах бөгөөд цэнэглэгч батерейг аюулгүй бат бөх байгаа эсэх, эрсдэлийг урьдчилан тооцоолж хянаж чаддаг хяналтын системтэй.


Тус компани 2022 оноос эхэлж авто машинаа гадаад зах зээлд экспортолж эхэлжээ. Одоогоор дэлхийн 30 гаруй улсад  авто машинаа нийлүүлээд байгаа бөгөөд 200 гаруй хотод 480 салбар дэлгүүрээ нээжээ.


Дунджаар нэг цагт 29.5 машин үйлдвэрлэдэг бол 2 минутад нэг машин үйлдвэрлэж байгаа талаар компаниас мэдээлсэн юм.

Тус компанийн ажилчдын 43 хувь нь авто машин судалгааны чиглэлээр ажилладаг ажээ. 







関連ニュース