“Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-18 14:53:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх, дадлагажуулах, ажлын байранд дасан зохицохыг нь дэмжихээр “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг дөрөвдүгээр сараас эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулав.


Энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ойд зориулж Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбараас “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд хийж буй ажлын нэг юм. Гурван жилийн өмнөөс хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт энэ онд илүү олон албан хаагчийг хамруулж, байгууллага бүр үр дүнгээ нэгтгэх юм. Хөтөлбөрт 16 байгууллагын 80 орчим албан хаагчийг хамруулжээ. 


Хөтөлбөрийг хаах үеэр НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн менежер Т.Батзаяа, “Нийслэлийн төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд 2023 онд 384, 2024 онд 525 сул орон тоог нөхсөн. Шинэ албан хаагчдад ажлын байранд тулгардаг асуудлыг тодорхойлж, хэрэгцээ шаардлагыг нь ханган, сургаж хөгжүүлэх, дадлагажуулах нь төрийн үйлчилгээний чанар, үр ашиг, үнэ цэнийг бий болгодог. Иймд шинэ албан хаагчдаа ажлын байранд дасан зохицохыг нь дэмжихээр хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнийг байгууллага бүр нэвтрүүлж, албан хаагчдынхаа ур чадварыг нэмэх замаар төрийн бүтээмжийг сайжруулах нь ач холбогдолтой” хэмээв. 

関連ニュース