ДУНДГОВЬ: “Аялал жуулчлалыг дэмжих” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-20 15:46:52
Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/ Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэн, гадаад дотоодын жуулчдын аялах таатай орчныг бүрдүүлж, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор “Аялал жуулчлалыг дэмжих” дэд хөтөлбөр (2025-2028)-ийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.


Тус хөтөлбөр нь гурван зорилт, 17 арга хэмжээтэй бөгөөд онцлох ажлуудыг дурдвал:

-Дундговь аймгийн Цагаан суварга орчимд палеонтологийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах

-“Малчин кемп” ажиллуулах журмыг батлан хэрэгжүүлэх

-2022 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Сэтгэшгүй оддын чуулган” эвентийг 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулах

-“Адууны өв соёлын баяр” эвентийг 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулах

-“Бага газрын чулууны аялал жуулчлалын бүс”-ийн техник эдийн засгийн үндэслэлтийг боловсруулах

-“Жуулчны гудамж” байгуулах


Цаашдаа шинжлэх ухаан, инновац шингэсэн, байгальд ээлтэй, дөрвөн улирлын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудыг тавиад байна.


Дундговь аймагт 15 жуулчны бааз /орны тоо-1004/, 2 сувилал /орны тоо-50/, 17 гэр буудал /гэрийн тоо-99/, 3 буудал /орны тоо-70/, 7 дэн буудал /орны тоо-120/ үйл ажиллагаа явуулж байна.


Нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлыг жуулчдад таниулах зорилго бүхий “Малчин кемп”-ийн үйл ажиллагааг эрхлэгч нь тухайн орон нутагт бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл байж болох ба үйл ажиллагаа явуулах стандарт, хууль тогтоомжийг мөрдүүлэх, бүртгэх ажлыг сумын засаг дарга нар хариуцан ажиллах юм.





                

Э.Мөнхжаргал

関連ニュース