БУЛГАН: Байгаль хамгаалагчид хурдан унаагаар хууль сахиулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-27 12:58:00

Булган 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Байгаль Орчин, Уур Амьсгал, Өөрчлөлтийн Яам /БОУАӨЯ/-наас Монгол орны бүх тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрууд, дархан цаазат газрууд, ус цаг уур орчны шинжилгээний төвүүдийн байгаль хамгаалагч, цаг уурын ажилтнуудад бартаат замын мотоциклуудыг хүлээлгэн өгсөн байна.


Байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангах ажлын хүрээнд Хөгнө Тарнын БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Г. Бямбатогтох, Э. Самдандэлэг, Ж. Батмөнх, Ж. Равданцэрэн, Ц. Алтансүх, Ж. Гантөмөр нарт хамгаалалтын захиргааны дарга Б. Гончиг болон ажлын хэсэг шинэ мотоциклуудыг гардууллаа.


Энэхүү мотоциклууд нь Монгол орны эрс тэс уур амьсгал, өргөн уудам тал нутаг, өндөр уулс, өдөр тутмын эрсдэлтэй хүнд нөхцөлд, хариуцлагатай үүргээ гүйцэтгэж буй байгаль хамгаалагчдад нэн чухал хэрэглээ болоод байгаа аж.


Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар нь Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84 390 га талбайг хамарч үйл ажиллагаа явуулдаг.

Ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, самарчид, аялагчдыг зөвшөөрөлгүй хууль бусаар самар түүх, эмийн ургамал түүх гад түймэр алдах зэрэг болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлж сануулга мэдээлэл өгч уулнаас буулгаж хууль сахиулан ажилладаг юм байна.

Монгол Улс нь нийт 120 улсын тусгай хамгаалалттай газартай, энэ нь 32.8 сая га талбай буюу газар нутгийн 21%-ийг хамаардаг ажээ. Тусгай хамгаалалттай газрыг Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн нөөц газар, Дурсгалт газар гэсэн 4 ангиллаар хамгаалалтад авдаг. Улсын хэмжээнд нийт 42 хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулдгийн нэг нь Хөгнө Тарнын БЦГ юм.














関連ニュース