ТӨВ: Үзэсгэлэнт Хэрхлүүрийн сарьдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршдог Хэрхлүүрийн сарьдгийн нуурыг танилцуулж байна.
Хэрхлүүр нуур нь Хан хэнтийн нуруунд байрлах бөгөөд ой хөвч, өндөр цавчим ханан хад сарьдаг уулсын дунд оршдог үзэсгэлэнт холбоо нуурууд юм. Хэрхлүүр нуурыг зуны цагт нисдэг тэрэг, мориор, явганаар зорих боломжтой. Тэр бүр аялагчид зорьж очих нь ховор учраас байгалийн онгон зэрлэг үзэмжээ одоо ч хадгалсаар байгаа юм.
Уг нуур нь цэнгэг устай, далайн түвшнээс дээш 2667 метрт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 190 км орчим зайд оршино. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг тул машинаар хашаалсан хэсэг хүртэл явж үүнээс цааш морьтой болон явганаар замаа туулдаг.
Байгалийн сайхныг илүү ойроос мэдэрч ,үзэсгэлэнт сарьдаг өндөр уулс, гол мөрөн ,ой хөвч, зэрлэг ан амьтныг үзэж харах боломжтой байдаг гэдгээрээ машинтай зорьж очиж болох газраас онцлог байдаг аж.


