Дэлхийн шатрын өдөр тохиолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Францын Парис хотноо 1924 оны долоодугаар сарын 20-ны өдөр Дэлхийн шатрын холбоог анх байгуулсан түүхтэй.
Үүнээс хойш 42 жилийн дараа энэхүү өдрийг тэмдэглэх санааг анх ЮНЕСКО дэвшүүлсэн байдаг. Улмаар 1966 оны долоодугаар сарын 20-нд дэлхий даяараа Олон улсын шатрын өдрийг тэмдэглэж ирсэн юм. Тэгвэл өчигдөр 59 дэх жилдээ энэхүү өдрийг шатарчид тэмдэглэн өнгөрүүллээ. 200 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн шатрын холбоо “Gens una sumus” буюу “Бид нэг гэр бүл” гэсэн уриатай бөгөөд Монголын шатрын холбоо 1955 оны аравдугаар сарын 8-нд албан ёсны гишүүнээр элссэн байдаг билээ.
Монголын шатарчид 2025 оны эхний хагас жилд дэлхийн гранпри тэмцээнээс хүрэл, ААШТ-ээс мөнгө, Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд зогсохгүй Их Британийн нийслэл Лондон хотод болсон рапид тоглолтын багийн ДАШТ-ий 2400+ ангилалд тэргүүн байр эзэлсэн юм. Түүнчлэн И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын дэлхийн цомоос анхны медалийг эх орондоо авч ирлээ.
Мөн Дэлхийн шатрын холбоо Монголын
шатрын холбооны амжилтыг өндрөөр үнэлж “Outstanding Contribution Award 2025”
хэмээх нэр хүндтэй шагналаар шагнажээ.