ОРХОН: Япон Улсад ажиллах боломжийн талаар уулзалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-04 14:59:33

Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Тусгай ур чадвартай ажилтан” тогтолцоогоор Япон Улсын барилгын салбарт ажиллах боломжийг олгох сургалт хийхээр боллоо.


Уг сургалтыг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар JAC буюу Япон Улсын барилгын салбарын хүний нөөцийн холбоотой хамтран явуулна.


Япон Улсын барилгын салбарын хүний нөөцийн холбооноос барилгын салбарын гадаад хүний нөөцөд дэмжлэг үзүүлэх тогтолцоо, ур чадварын шалгалтын тогтолцооны тухай, шалгалтад хэрхэн бэлдэх болон шалгалт өгөх шат дараалал, шалгалтад тэнцсэнээс хойших үйл явц, япон хэлний түвшин тогтоох шалгалтад хэрхэн бэлдэх болон шалгалт өгөх процесс зэрэг мэдээлэл танилцуулах уулзалтын товыг 2025 оны наймдугаар сарын 9-ний өдөр аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар зохион байгуулахаар төлөвлөжээ.


Уг холбоо нь, Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөлтэй байгуулагдсан ТББ бөгөөд нэг гол үйл ажиллагаа нь японы барилгын салбарт ажиллах, ажиллаж буй гадаад иргэдэд чиглэсэн дэмжлэгийн тогтолцоог хэрэгжүүлдэг байна.


関連ニュース