Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд 2025 оны эхний хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээлэв.
Тухайн салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын чанарыг сайжруулах бүсэд байрладаг 139 обьектын 248 зуухыг хяналт шалгалтад хамруулж агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, агаар, хөрс, усан орчинг шинжилгээнд хамруулаагүй. Мөн зуухны янданд шүүлтүүр суурилуулаагүй, утаа шүүгч, үнс баригчийг зураг төслийн дагуу угсарч суурилуулаагүй, зуухны яндангаас гарах хаягдал утаанд бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй зэрэг зөрчил гаргасан 50 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад байна.
Эдгээр ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах 333 обьектын 482 уурын болон усан халаалтын зуухыг хяналт шалгалтад хамруулжээ. Түүнчлэн 438 зөрчил дутагдлыг арилгуулахаар 51 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, зөрчил 38 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн үр дагавар арилгуулах албан даалгавар хүргүүлэн хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шалгалт
үргэлжилж байгаа ажээ.