Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Лаг шатаах үйлдвэр төслийн өнөөдрийн байдлаар ТЭЗҮ-ийг боловсруулан дуусаж, магадлангийн дүгнэлт гарч дараагийн шатны бэлтгэл ажлыг эхлүүлээд буй.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Лаг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Уг үйлдвэр хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Жилд 843.200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Түүнчлэн лагийг боловсруулж устгах төдийгүй нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм.
Төслийн нийт
талбай ойролцоогоор 40.000 ам.метр байна. Мөн Улаанбаатар хотын
бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар
төлөвлөж байгаа ажээ.